Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа хамгийн түрүүнд яамдын харьяа агентлагуудыг татан буулгасан. Төрийг данхайлгахгүй гэж ийнхүү цомхотгож байна хэмээн үүнийгээ тайлбарлаж буй. Ингэж төрийн албан хаагчдыг орших, эс оршихын дэнсэн дээр аваачсанаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. “Хүчингүй болсон” агентлагуудын нэг нь Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн газар. Эмч, мэргэжилтнүүд шалгалт өгч эмнэлгийн тусламж үзүүлэх зөвшөөрлөө сунгуулан, тус газраас лицензээ авдаг.
Өнгөрсөн наймдугаар сард шалгалт өгч тэнцсэн хүмүүс одоо хэр лицензээ авч чадалгүй хүлээж байна. Лиценз хэзээ өгөх гэж байгааг асуудал хариуцсан мэргэжилтнээс нь тодруулахад “Бид ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Эрүүл мэндийн газар татан буугдсан тул тамга, тэмдгийг лацадсан. Тиймээс лиценз өгөх асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байна. Үүнээс илүү зүйл мэдэхгүй” гэжээ.
Хуучин нэрээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас асуух лавлах зүйл иргэдэд их байдаг. Улсын хэмжээнд 70.000, 21.000 төгрөгөө аваагүй 42.000 хүн байгаа гэнэ. Эх орны хишгээ авъя гээд харьяа банкиндаа очиход “Капитал” банк санхүүжилт байхгүй гэж ам тагладаг. Ингээд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хандахад “Бид ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгсэн хэр нь бүгд урьдын адил ажилдаа ирж байгаа. Гэхдээ ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж тус газрын Халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Эрдэнэбулган ярив. Ер нь төрийн албанд ажлаа хийж, иргэддээ үйлчилж байгаа хүн байна уу.
Шинэ Засгийн газар байгуулагдаад хоёр сар шахам болсон ч үйл ажиллагаа нь жигдрээгүйн жишээ энэ. Төрийн албан хаагчдын үйлчилгээтэй холбоотой шүүмжлэл олонтаа дуулддаг. Ямар ч үед төрийн алба эзэнтэй, үйл ажиллагаа нь тасралтгүй байх учиртай. Гэтэл өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөөгүй дарга нар ч албан тушаалдаа эргэлзэж эхэлжээ. “Тэртэй тэргүй халагдана” гэсэн бодол тэдний толгойд эргэлдэж буй цагт үр дүнтэй ажиллана гэвэл худлаа.
Харин нөгөө талд нь нам дагасан нөхдүүд албан тушаалын бялуу хүртэх гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байна. Ажлаас халагдах, ажилд томилогдох хүмүүсийн аль аль нь ийн хүлээхийн зовлонд унажээ. Иргэдэд чирэгдэл учруулж буй энэ зовлонгоос хүмүүсээ хурдан гэтэлгэж, төрийн машиныг гацаанаас гаргаач.
Э.ЭНХ