Өвөрхангай аймагт ажиллахаар явсан “Шударга ёс” эвслийн багийнхан уржигдар орой замдаа осолдож, нэг хүн нас барсан харамсалтай явдал гарлаа. Тэд хоёр машинтай замд гарчээ. Нэг машинд нь УИХ дахь “Шударга ёс” бүлгийн ахлагч, гишүүн Н.Батцэрэг сууж явсан аж. Тэд Атрын сангийн аж ахуйн ойролцоо явж байх үед нэг машин нь онхолдож, “Шударга ёс” бүлгийн Ажлын албаны ахлагч Н.Мөнхжаргал газар дээрээ нас баржээ.
Талийгаач сэтгүүлч мэргэжилтэй байсан бөгөөд өмнө нь “Өнөөдөр”, “Ардын эрх” сонинд ажиллаж байсан юм. Саяхнаас “Шударга ёс” эвсэл дэх УИХ-ын бүлгийн ажлын албанд орсон аж. Унасан машины жолооч замын бартааг тойрохоор жолоогоо мушгиснаар ийм явдал болсон тухай яриа байна. Харамсалтай явдал болсон учир “Шударга ёс” эвслийн гишүүдээс Төрийн ордонд өрөөгөө сахиж суух хүн байсангүй. Тус эвслийн УИХ дахь бүлгийн дарга Н.Батцэрэгээс утсаар цөөн зүйл тодрууллаа.
-Танай Бүлгийн ажлын албанд ажиллаж байсан сэтгүүлч залуу харамсалтайгаар амиа алдлаа. Осол юунаас болсон юм бэ?
-Манай Бүлгийн ажлын албаны ахлагч, МҮАН-ын залуу зүтгэлтнүүдийн нэг Мөнхжаргал маань ослын улмаас амиа алдлаа. Энэ тухай олон хүн асууж байна.
-Машинд хэдэн хүн сууж явав. Бусад хүнийх нь биеийн байдал ямар байна вэ?
-Машинд дөрвөн хүн сууж явсан. Бусдынх нь биеийн байдал бас сайнгүй. Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа.
С.УУЛ