Жендерийн тухай хуулийг хэдэн жил ярьсны эцэст УИХ өнгөрсөн онд баталсан. Бүх шатны байгууллагууд хүйсийн төлөөллийг тэгш байлгахаар тодорхой квот тогтоосноороо уг хууль манай улсын хувьд дэвшил байлаа.
Хуулийн зарим заалт баталсан өдрөөсөө хэрэгжсэн бол квоттой холбоотой хэсэг нь ирэх оны эхнээс хүчин төгөлдөр болох юм. Хэдийгээр хууль батлан мөрдөх гэж хичээж буй нь сайн ч түүнийг хэрэгжүүлэх механизмгүй байгаа аж. Нэг ёсондоо бэлгэдлийн чанартай хууль болчихжээ. Энэ тухай өчигдөр Төрийн ордонд болсон “Жендерийн тэгш эрхийг хангах үр дүнтэй үндэсний механизм бүрдүүлэх нь” олон талт зөвлөлгөөнд оролцогчид ярьж байв. Яаж хэрэгжүүлэх арга зам, тогтолцоо нь байхгүй бол мөрөөдлийн жагсаалтаас хэтрэхгүй. Тиймээс үндэсний хэмжээний механизмыг яаж бүрдүүлэх талаар эмэгтэйчүүдийн ТББын үндэсний сүлжээ болох “Монфемнет” байгууллага, Жендерийн үндэсний хороо, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хамтран зохион байгуулсан дээрх арга хэмжээний үеэр ярилцав.
Жендер гэдгийг зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл хэрэгтэй холбодог буруу ойлголт одоо улирсан. Энэ бол ямар ч шатанд, аль ч салбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүйсээр нь ялгалгүй, эрх тэгш үнэлэх асуудал юм. Манай улсад боловсрол, эрүүл мэндийн салбарт эрчүүд дутагдаж, 80 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байгаа. Тэнд эрчүүдийн хүйсийн тэгш эрх хангагдахгүй байна гэсэн үг. Эсрэгээр дан эрчүүд ноёлсон салбар ч олон. Үүний нэг нь шийдвэр гаргах түвшний байгууллага болох УИХ, Засгийн газар. Бүсгүйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байж
Сонгуулийн тухай хуульд 20 хувийн квот суулгаж өгсөн билээ. Улмаар УИХ-д есөн бүсгүй сонгогдсон. Энэ нь УИХ-ын гишүүдийн 12 хувь гэсэн үг. Олон улсын жишгээр бол Парламентад хүүхнүүдийн төлөөлөл 30-40 хувь байх учиртай аж. Манай улс Мянганы хөгжлийн зорилтдоо 2015 он гэхэд шийдвэр гаргах түвшин дэх бүсгүйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэхээр зорьсныг ч УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнчимэг сануулна лээ. 2015 он болоход гурав хүрэхгүй жил үлдсэн атал байдал ямар байгааг сая хэллээ. Тиймээс жендерийн тэгш байдлыг хангах механизм бүрдүүлэхэд төр, засгийн хэмжээнд анхаарах ёстой юм байна.
Ийм үндэсний тогтолцоо бүрдүүлэхийн тулд төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хууль, бодлогын шийдвэрээ жендер мэдрэмжтэй болгох, хүйсээр ялгасан тухай судалгаа хийж бодит мэдээллээр хангах үүргийг төр хүлээх ёстой гэнэ.
С.ТУУЛ