НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний төр засгийн тэргүүн нарыг угтах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцов. Дараа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлийн нээлтийн ажиллагаа эхэлсэн юм.
Энэ үеэр манай улсын Ерөнхийлөгчид Япон улсын Ерөнхий сайд Ё.Нода бараалхав. Ерөнхийлөгч Япон улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гурав дахь хөрш” Япон улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ.
Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, Японы Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлахыг уриад, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, чухал ач холбогдолтой нарийн мэргэжлээр суралцах оюутан залуусын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Япон улсын Ерөнхий сайд “Монгол Улсын Ерөнхийл өгчийн Японы Парламентад хэлсэн үг Монгол, Японы харилцаанд томоохон ахиц авчирсан чухал үг болсонд баяртай байдаг. Танай улс энэ жил парламентын сонгууль явуулж шинэ засаг төрөө эмхэлж байгаад баяр хүргэж өндөр амжилт хүсье.
Мөн удахгүй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Япон Улсад хийх айлчлалыг бид бүрэн дүүрэн дэмжиж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн үнэлж байгаа. Бид Монгол Улс дахь Японы хөрөнгө оруулалтыг ихээхэн дэмжиж байгаа. Мөн саяхан болж өнгөрсөн сүмо бөхийн барилдаанд Монголын тамирчид сайн барилдаж Монголын гурав дахь ёкозуна төрсөнд баяр хүргэе. Шийдвэрлэх мөчид хоорондоо барилдсан их аварга Хакухо болон шинээр төрж буй Харумафүжи аваргуудын аль аль нь манай япончуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн бөх. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд дахин баяр хүргэе” хэмээв.
Мөн энэ үеэр талууд Зүүн Азийн бүс нутгийн байдлын талаар санал солилцсон бөгөөд НҮБ-ын түвшинд хамтран ажиллахаар ярилцлаа.