Хуучин УИХ-аас шинэдээ “өвлүүлж” үлдээсэн нэг асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ бол УИХ-ын болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль. Шинээр сонгогдсон гишүүдийн задгай хэмнэлийг цэгцэлж, дүрмэнд нь оруулна гэсэн үг.
Үнэндээ УИХын сонгуулийн дүнгээр сөрөг хүчний байр суурин дээр буусан МАН-д түлхүү хамааралтай болох юм. Учир нь дээрх хуулийн төсөлд завсарлага авахад хугацаа тогтоохоор заажээ.
Уг нь өмнөх УИХын төгсгөлөөр буюу тавдугаар сард энэ хуулийг АН-ын Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, МАН-ын Ө.Энхтүвшин нар санаачлан өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн юм. Тэр үед АН цөөнх, МАН олонх байлаа.
2008-2012 оны парламентын сүүл чийн чуулганаар уг хуулиа батлуулчих гэж “Фортуна” нэлээд зүтгэсэн. Гэвч тухайн үеийн МАН-ын дарга С.Батболд “Шинээр байгуулах УИХ-ынхаа хамгийн эхний асуудал болгоод үүнийг ярья” гэсэн юм. Тэр үед Р.Гончигдорж гишүүн энэ үгийг нь “Сонгуулиар МАН ялагдана. Тиймээс өөрсдийгөө боох хуулийг одоо батлаад яах вэ гээд хойшлуулъя гэсэн үг юм байна” хэмээн “орчуулсан”. Хоёр талын эрх ашиг хөндөгдсөн энэ хууль шинэ УИХ-ын шүдний өвчин нь болоод байна. Муур, хулгана болж тоглох хугацааг хумина АН, МАН гэж ялгалгүйгээр хамтраад өргөн барьсан хуулийн төсөлд завсарлага авах хугацааг тав хоногоос хэтрэхгүй байхаар зохицуулсан юм.
Одоо мөрдөж буй хуульд завсарлагад ямар нэг хугацааны хязгаарлал байхгүй. Тиймээс цөөнх, олонх гэж ялгалг үйгээр “барьцаж” завсарлага авдаг байв. Зүтгүүлж буй асуудлыг нэг нам нь дэмжихгүй бол нөгөөх нь тэдний оруулсан асуудлаар завсарлага авчихна. Ингээд тодорхойгүй хугацаагаар төрийн ажлыг гацааж, муур, хулгана болж тоглодог жишиг манай улс төрд тогтоод буй. Нөгөө талаар энэ нь хамгаалалтын арга ч болдог. Тухайлбал, 2008-2012 оны УИХ-д Л.Гүндалай гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх үед АН-ынхан ийм хугацаагүй завсарлага авч байсан юм.
Сүүлдээ асуудал оруулсан ерөнхий прокурор хүртэл зорилгоо мартахад хүрсэн биз. Ийм замаар уг асуудал замхарсан. Мэдээж УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд суудал авсан намын хувьд завсарлага авах бүрэн эрхтэй. Завсарлагыг зөвхөн тухайн нам, гишүүдийн жижиг эрх ашиг зөрчилдөхөд авдаг гэвэл бас өрөөсгөл. Улс орны эрх ашигт харшилсан асуудал оруулаад ирвэл сөрөг хүчин ч бай хэн ч бай завсарлага авч, нэмж ярих, засах, залруулах шаардлага гардаг. Гэхдээ ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Энэ хязгаар нь тав хоног байхад хангалттай гэж төсөл санаачлагчид үзсэн юм.
Хязгааргүйд хайр зарлав
Уг нь завсарлагын хугацаа тав хоногоос илүүгүй байх заалтыг өмнөх УИХ дэмжсэн. Гэвч шинэ УИХ-аар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх үед улс төрийн нөхцөл байдал 180 хэм эргэсэн байлаа. МАН цөөнх болж, АН олонхийг бүрдүүлсэн байв. Олонх байхдаа МАН-ын даргын хэлсэн шиг шинэ УИХ-аар хамгийн түрүүнд хэлэлцээд л баталчихсангүй. Тиймээс цөөнхийн зүгээс завсарлага авах хязгааргүй хугацаанд “хайр” зарлав. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед МАНын гишүүд “АН олонх болчихоод завсарлагад хугацаа тогтоох гээд буй нь цөөнхөө үл хүндэтгэсэн хэрэг” хэмээн шуудхан хэлсэн юм. Бас завсарлага авахын давуу талыг илт тодруулж, “Төрийн ажлыг гацаах биш, харин ч зөвшилцөн сайжруулах боломж” гэсэн билээ.
Төсөл санаачлагч Н.Батбаяр тэр үед “АН цөөнх байхдаа уг хуулийг санаачилсан. Бас хоёр намын Бүлгийн дарга нар уулзаж, сонгуулийн үр дүнгээр хэн олонх байхаас үл хамааран завсарлагыг хугацаатай болгохоор санал нэгдсэн шүү дээ” гэж байв. МАН-ын талаас төсөл санаачилсан гишүүн Ө.Энхтүвшин нэрээ татсан тухай мэдээлэл ч энэ үеэр гарсан. Юутай ч МАН цөөнх болмогцоо хязгааргүйд хайр зарлаж, эцсийн хэлэлцүүлэг дээрээ байсан уг төслөөс завсарлага авсан. АН-ынхан ч бас Ажлын хэсэг дээр ярилцаж зөвшилцөөд намрын чуулганаар ярих нь зөв гэж үзсэн. Удахгүй нээх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хоёрдугаарт уг төсөл багтсан байна лээ. МАН “хайрласан” сэтгэлээ өөрчилбөл алх цохиход л шинэ УИХ шинэ дэгэндээ орно.
С.ТУУЛ