Төрийн болон орон нутгийн өмчийн зарим байгууллага нэг өдрийг дотоод ажлын хэмээн нэрлэж, иргэдэд “хөл хорьдог” байв. Ялангуяа газрын алба, иргэний бүртгэл, хөдөлмөр халамжийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагын дотоод ажлын цаг иргэдэд хүндрэл их учруулдаг байлаа.
Иргэн бүр аливаа байгууллагаар байнга үйлчлүүлээд, ажлын хуваарийг нь цээжлээд байх боломжгүй. Тиймээс зав зай гаргаад ажлаа амжуулахаар хэрэг болгон зориод очтол “Дотоод ажилтай” гэсэн бичигтэй хаалга мөргөөд буцах үе олон. Хэд дэх өдөр иргэдэд үйлчлэхгүй гэдгээ тухайн байгууллага нь ч мэдээлэх биш, аз таарсан нь ажлаа амжуулаад азгүй нь хаалган дээрээс буц гэсэн шиг орхидог.
Иргэдэд чирэгдэл учруулж, цаг завыг нь “алж” байсан энэ хүнд суртлыг халах шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаас гаргасан билээ.
Одоо ажлын л өдөр бол иргэд хаалга мөргөх эрсдэлгүй болж буй юм. Улмаар иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд болон агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт даалгасан. Энэ журам хэрэгжиж эхлээд тав хонож байна. Дотоод ажлын гэж нэрлэсэн өдөр төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн болон нутгийн захиргааны байгууллагынхан энэ өдөр иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, бичиг цаасыг цэгцэлдэг байсан аж. Гэвч долоо хоногийн нэг өдрийг тусгайлан үүнд зарцуулаад үр дүн гарсан уу гэвэл эргэлзээтэй. Төрийн, тэр тусмаа үйлчилгээний байгууллагатай холбоотой гомдол, санал үргэлжилсээр л байдаг. Тэгэхээр дотоод ажилтай өдөр тухайн байгууллагын зарим ажилтны хувьд бараг амралтын өдөр шиг санагддаг байсан биз. Тусгайлан цаг гаргаад ч үйлчилгээ сайжраагүй учир нэг өдөр дэмий “сэлгүүцэх” шаардлагагүй, тэрний оронд иргэддээ хаалгаа нээх нь зөв гэж Засгийн газар үзжээ.
Учир нь энэ бол тухайн байгууллагын зохион байгуулалттай л холбоотой ажил. Зөв зохицуулж чадвал хуваарь мэдээгүй олон зуун иргэнийг чирэгдүүлэлгүйгээр өргөдөл гаргасан бусад иргэний асуудлыг шийдэж болно. Сэлгүүцэх биш, ажиллах цаг ч нэмэгдэнэ. Дотоод ажлын цаггүй боллоо гээд муудсан зүйл байхгүй гэдэг нь ч энэ хэдэн өдөр харагдав. Хаалга мөргөхгүй болсон учраас иргэдэд уг шийдвэр таатай санагдах нь мэдээж. Төрийн байгууллагын удирдлага, ажилтнуудын зүгээс ч гомдол санал гараагүй байгаа юм билээ. Нөгөө талаар төрийн байгууллагуудын ажлын цагийг урагшлуулж, 08.00 цагт эхлүүлдэг болгосон. Анхандаа нийслэлийн замын хөдөлг өөнийг сааруулах зорилгоор зарим байгууллагад мөрдөж эхэлсэн уг зарчим одоо нийтийнх болсон.
УИХ-ын түвшинд Байнгын хороод 08.30 цагаас хуралддаг болоод буй юм. Төрийн үйлчилгээг нийтийнх болгож, иргэдэд ойртуулах зорилгоор авсан өөр нэг арга хэмжээ бол интернэтийн хэрэглээг хязгаарласан явдал. Мэдээллийн эрин зуунд ингэж болохгүй гэх мэтээр битүүхэн эсэргүүцэх төрийн албан хаагч байгаа биз. Гэхдээ өглөө ажилдаа ирээд л интернэтээр дэмий тэнэж, мессенжердэж суусаар цайны цагаа хүргэдэг ажилтан олон бий. Цайны цагаа дур мэдэн сунгаж, хэсэг зугаалж ирээд л өнөөх “ажлаа” үргэлжлүүлдэг, нэг ёсондоо дэмий цалин авч, сул орон тоо бөглөж суудаг ажилтан төрийн албанд олон.
Таны эргэн тойронд зүгээр суугаад цалин авдгаараа бахархдаг танил нэг биш тааралддаг гэдэгт эргэлзэхгүй байна. Уг нь ажлаа илүү түргэн шуурхай болгохдоо ашиглаг гэж тэднийг ертөнцтэй ойртуулсан байж таарна. Ажилгүй суугаад мөнгө авдаг, байсхийгээд цалин нь нэмэгддэг учраас төрийн албанд дурлах залуусын тоо ч нэмэгдсэн. Үндсэн ажлаа хойш тавьчихаад интернэтээр хэсээд байдаг дутагдал байсан учраас төрийн байгууллагуудын энэ төрлийн хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргасан аж. Wireless эрхийг нь хязгаарласнаар ажилтнуудын бүтээмж өндөрсөнө гэж тооцсон нь ч алдаагүй байна. Эрт босвол нэгийг сонсоно гэдэг. Ажлын бүх өдөр сэлгүүцэх завгүйгээр үндсэн ажлаа хийж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх боломж дээрх шийдвэрүүдийн хүрээнд бий болжээ. Төрийн байгууллагууд хаалгаа бүрэн нээлээ, ажилтнуудын харилцаа харин эелдэг, үйлчилгээ нь шуурхай байгаасай.
С.ТУУЛ