-Түүний сүүлийн “буудал” нь Увс аймаг байлаа-
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баруун аймгуудад ажилласан томилолт дуусаж, өчигдөр орой нийслэлд ирсэн байна. Тэрбээр баруун аймаг дахь томилолтоо Увс аймгаар дуусгажээ. Увс аймагт Ерөнхий сайд энэ сарын 26-27-нд ажилласан аж. Ерөнхий сайдыг Улаангом хотын төв талбайд хүндэт харуул угтан авч, төр засгийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөснөөр түүний тус аймаг дахь томилолт эхэлсэн байна. Тэрбээр энэ өдөр шинэ, хуучин дулааны станц, Улаангом хотын төв стадионы барилгын ажил, хүнс, барааны захын үйл ажиллагаатай танилцсан байна.
Хуучин дулааны станцыг 2003 онд Д.Сурмаажав захиралтай “Түлш дулааны нэгдэл” компани хувьчилж авсан аж. Гэвч 25 жилийн настай станц 2008 онд Улаангом хотыг хөлдөөх шахсан тул тус аймаг шинэ станц барихаар тендер зарласан юм байна. 2011 оноос шинэ станц барьж эхэлсэн “Баян хайрхны чоно” компани тендерт ялж ажлыг гүйцэтгэж эхэлжээ. Энэ оны арваннэгдүгээр сард эхний зуухыг ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй ч өнөөдрийн байдлаар 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 7.2 тэрбум төгрөгөөр станц барина гэж тендер авсан тус компани ашиглалтад оруулах графикт хугацаанаасаа хоцорч байгаагийн дээр дахин хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тайлбар хийсэн нь Ерөнхий сайдыг нэлээд бухимдуулжээ.
Ажлаа дуусгаагүй байж нэмж мөнгө нэхдэг хариуцлагагүй байдлыг шинэчлэлийн Засгийн газар зогсооно хэмээн Ерөнхий сайд сануулаад арваннэгдүгээр сарын 1 гэхэд эхний зуухыг ашиглалтад оруулах үүрэг өглөө. Мөн аймгийн төвд 800 хүний суудалтай стадион байгаа ч зөвхөн наадмаар хэрэглэх задгай стадион барьж буйг буруутгав. Зураг төслийг нь хийгээгүй уг стадионыг барихаар 1.3 сая төгрөг төсөвт суулгасан аж. Үүний оронд хүүхдийн цэцэрлэг барих боломж байсныг Ерөнхий сайд сануулсан байна. Мөн “Иргэдийнхээ өмнө тулгарсан асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэдэг, хүн рүү чиглэсэн бодлого барьж ажиллана. Бодлогын өөрчлөлт хийнэ, шуурхай, шударга ажиллана. Ингэхдээ иргэд, олон түмнээсээ санал авч ажиллаж эхэлсэн” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.