Улиран одсон долоо хоногт Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь буюу Монголын гурав дахь ёкозүна мэндэлж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шинэхэн дарга О.Магнай субботник зарлаж, хотын удирдлагууд 1300 га талбайд газар эзэмшүүлэх, ашиглахыг хориглож олны анхаарлыг татав.
Содон гэж нэрлэж болох эдгээр үйл явдлаас удтал дуншсан дэд сайдууд сая нэг юм мэндэлснийг “Өнөөдөр” сонин онцолж байна. Уг нь бол нэг их онцлоод байх үйл явдал биш ч байж болох. Учир нь сонгууль болдгоороо болж, засгийн эрх барих эрх өвөрлөсөн улс төрийн хүчин албан тушаал хуваадгаараа хувааж, хуваарилдгаараа хуваарилж буй хэрэг. Гэхдээ “шинэчлэлийн” хэмээх Засгийн газар дэд сайдуудыг томилохдоо урьд өмнө огт байгаагүй “цоо шинэ” арга барилаар асуудалд хандсанд хэргийн учир оршиж байгаа юм.
Иргэд бид уг нь Яамны дэд сайд гэдэг албан тушаалыг төрийн өндөр дээд алба, туршлага, мэдлэг, ухаан, ур чадвараар шигшигдсэн хүмүүс хаших ёстой гэж ойлгодог. “Дэд сайд нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохи цуулал тыг хангуулах, сайдын даалгаснаар УИХ, Ерөнхий лөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд сайдыг төлөө лөх үүрэгтэй” хэмээжээ. Базарваань, махан биетэй, цусан зүрхтэй эгэл хүмүүсийн барж идэх хоол бишсанж. Тэгэхээр шинээр тодорсон зайрангууд ланжгар амьтад байж таарах нь гэж бодсон чинь эндүүрэв бололтой. А.Баттөр, Д.Ганхуяг, О.Чулуунбат, Ж.Батхуяг, Б.Цогтгэрэл гэсэн төрд хэрэгтэй зайрангууд байх нь ч байна аа.
Бусдыг нь цэгнэе, дүгнэе гэхээр норгоод норгоод багтахгүй гэгч л болох шинжтэй. Монголдоо төр засгийн хэмжээний ажил алба огт хашиж үзээгүй ч Итали, АНУ-д мастер болж биднийгээ гийгүүлсэн О.Эрдэнэбулган, Б.Ургамалцэцэг гэсэн эрдэм боловсролоо “багтааж ядаж” яваа хоёрын зэрэг хүн харагдана. Баян-Өлгийд улс төржилтийн хог ургамлыг сүүлийн хэдэн жил тарихаараа нэг болсон Х.Ержан инженер мэргэжилтэй учраас Зам, тээврийн хоёр дахь хүн болжээ. Уг нь ургамал тарьдгаараа бол хөдөө аж ахуйн салбарт дээр байсан байж магадгүй. Гочоосүрэн зааны охин Байгалмаа МоАХ-ны гал тогоо, арын алба хавьд “барилдаж” байсан юм байна. Төрийн бус байгууллагад заан байх, төрийн яаманд аманд гарах хоёрт алд дэлмийн зөрөө бий дээ.
“Гангар инвест”-ийн С.Пүрэв Сангийн дэд сайд болов. Том барилгачин гэдгийг монголчууд андахгүй. Барилга хот байгуулалтын яаманд шулуухан тавьчихсан бол улайм цайм өөрийнхөө компани руу юм гулгуулаад байхааргүй хүн. Олон талын боловсролтой, гайгүй сайн толгойгоор тоо бодуулах гэсэн юм болов уу даа. “Коматцу” компанийн захирал Э.Тамир Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын сэнтийд заларлаа. Энэ залуу эксковатор, бульдозер мэтийн хүнд машин механизм худалдаж гаршсан хүн юм байна. Хүн ам зүй, нийгмийн хамгааллын бодлого бол хүнд биш хөнгөн машин механизм баймаар. Худалдаа наймааны туршлага энд үндсэндээ хэрэггүй нь тодорхой. ҮЗХ-ны гишүүн гэж ямар ажил хийдэг хүмүүс байдгийг үнэндээ мэдэх юм алга. Хааяа нэг хуралддаг, томчуудынхаа дохио зангаагаар гар өргөж, санал өгдөг хүмүүс гэж бүдүүн баргаар бид ойлгодог.
Ц.Туваан хэмээх аймаг, дүүрэг, намын ҮЗХ-нд шат дараалан ажиллаж, “туршлагажсан” нөхөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд болжээ. Санаандгүй нэг удаа Япон явж, яагаад ч юм эрүүл мэндийн чиглэлээр курст суучихсан, лам дээлтэй Ж.Амарсанааг Эрүүл мэндийн салбарын бодлого тодорхойлох хэмжээний мэдлэг, туршлага хуримтлуулсан гэж нам нь үзсэн бололтой. Монголынхоо ЭМШУИС-ийн хавдар судлал, вирус судлал, дотор судлал, уламжлалт анагаах ухаан гээд бараг л бүх салбарыг нэвтэрхий мэддэг болсон хүн гэж намтарт нь дурджээ. Н.Баасанжав гуай зөв хөн зүрхээр, Ж.Баасанхүү эмч ганцхан нүдээр мэргэших гэж бүх л насаараа зүтгээд бараагүй шахуу байхад энэ залуу үнэхээр цоорхой хүн байх нь. Намынхаа олон мянган гишүүдийн өмнөөс УИХ-д нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй хүнийг үүргээ биелүүлээгүй, итгэл даагаагүй гэж шийт гэмээр. Гэтэл АН-ынхан шагнадаг ажээ.
Булганд өвдөг шороодсон, нэвтрүүлгийг нь үзэх байтугай, нэрийг нь дуулснаас цаашгүй “ТМ” хэмээх телевизийн захирал Н.Түмэнжаргал, Төв аймгаас УИХ-д удаа дараа нэр дэвшиж, удаа дараа унаж тусаж бүтэлгүйгээ нотолсон Д.Доржпүрэв нарын юу нь үнэд хүрснийг таах аргагүй. Гайхах байтугай цочмоор сонголтыг МАХН хийж. Н.Энхбаяр даргын “улаан хамгаалагч” залуус ногоон гэрлээр дэд сайд болов. Б.Тулгыг Н.Энхбаярын үүдэнд суудаг байсан, Э.Эрдэнэ жамъян нь хуульч юм гэнэ лээ гэхээс цаашгүй. Дар гын ивээлд багтсан, намын даалгавар өвөрлөсөн гэсэн оноштой юм байна. Ирээдүйтэй, сайн залуус байхыг үгүйсгэхгүй. Тийм бол ядаж хэлтэс, газрын дарга хавиар сунгаа хийлгэж, туршлагажуулдаг жишиг бийсэн.
Иймэрхүү жулдрайнуудад арай ч сэрүүднэ ээ гээд хэлчих мэдэл уг нь Ерөнхий сайдад баймаар. Энэ мэтээр шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн алба үнэгүйдэх, хямдрах зам руугаа нэгэнт шуударчихлаа. Үүний сонгодог жишээ нь дуртай л бол хэн ч хийж болно хэмээн SALE зарлагдсан Дэд сайдын албан тушаал болов.
С.БАТ