Түрүүчээсээ хэрэгжиж буй ажлыг танилцуулав-
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” буюу “Гурван Х” (3Х) нэртэй уулзалт өчигдөр Төрийн ордонд болов. Ерөнхий сайд “цэргүүд”-тэйгээ тус тусын яаман дээрээ байхад нь видео хурал хийсэн нь энэ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулаг даад 41 хонож буй аж. Энэ хугацаанд ээлжит болон ээлжит бусаар нийт 13 удаа хуралдаж, 29 тогтоол, Ерөнхий сайдын 15 захирамж гаргаж, хуралдааны тэмдэглэлээр зургаан үүрэг өгчээ.
Энэ бүхэн нь хэрхэн хэрэгжиж буйг 3Х уулзалтаар сард нэг удаа ярилцаж байх гэнэ. Төрийн музейг иргэдэд нээлттэй болгох, төрийн байгууллагын интернэт хэрэглээг хязгаарлах тухай наймдугаар сарын 25-нд гаргасан тогтоол хэрэгжиж эхэлжээ. Музей иргэдэд үүдээ нээсэн ч дээврээс нь ус гоожоод буй хэсэг хаалттай хэвээр буй юм. Үүнийг засахад шаардагдах хөрөнгийг төсвийн тодотголд суулгасан байна.
Интернэтийг хязгаарласан тухайд төрийн албан хаагчид үндсэн ажлаа умартаж, тоглох, интернэтээр зугаалах нь ихэдсэн учир ийм шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд ярив. Төрийн байгууллагуудад мэдээж албан ажлаа гүйцэтгэхэд интер нэт хэрэгтэй. Тиймээс яам, агентлагууд интернэт бүхий тусгай өрөө, булан гаргаад, бусад газарт хязгаарлах ёстой аж. Мөн өдөрт 120 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан Хөгжлийн банкны асуудлыг шийдэж эхэлжээ. Уг мөнгийг арилжааны банкуудад хадгалах, үнэт цаас гаргах замаар зохицуулж байгаа гэнэ. Мөн баруун аймгуудаар ажиллахдаа олж харсан зарим алдаа, дутагдлыг засахыг үүрэг болгов. “Зам засвар, сургууль барих гэх мэт ажил гүйцэтгэхээр нийт 200 тэрбум төгрөгийг тухайн гүйцэтгэгч компанид олгосон байна. Гэтэл ашиглалтад орчихсон байх ёстой 100 объект босоогүй байгаа нь хууль бус хэрэг.
Ажлаа хийгээгүй байж мөнгөө авчихдаг ийм хууль бус байдлыг халах ёстой. Ялангуяа Сангийн яам үүнд анхаар. Мөнгөө авсан атлаа ажлаа хийгээгүй компаниудыг хэвлэлээр зарлаж, дараагийн тендерт оролцох эрхийг нь хасах ёстой” гэлээ. Засгийн газар сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригийн 14.00 цагаас “Шинэчлэлээр шийдье” нэртэй уулзалт зохион байгуулж, иргэдийн санал бодлыг шийдвэртээ тусган хэрэгж үүлэхээр болсон. Уг уулзалтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарах үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад өгсөн. Хэрэгжиж байгаа эсэхийг сайд нараас асуув.
С.Эрдэнэ сайд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны ажилтантай болгох саналыг бүх яаманд тавьсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөл байгуулахаар ажиллаж байна” гэсэн хариулт өгөв. Бусад нь шийдвэрийг биелүүлээд байгаа юм уу, эсвэл биелүүлээгүй юү, ямар нэг тайлбар хэлсэнгүй. Үүгээр 3Х уулзалт өндөрлөлөө.
С.ТУУЛ