УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйл тодрууллаа.
-Намрын чуулганаар нэр заасан 12 асуудлыг хэлэлцэх юм билээ. Улсын төсөв, мөнгөний бодлогыг шинэлэг
зарчмаар боловсруулна гэж буй. Ямар онцлогтой байх бол?
-2013 оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ хөрөнгө оруулахад анхаарах хэрэгтэй байна. 330 суманд мал аж ахуйд тулгуурласан боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгийг чиглүүлж, нутгийн удирдлагатай холбох нь чухал. Засаг дарга гэдэг хүн зөвхөн төсвийн мөнгө хуваарилдаг, тэндээ улстөрждөг, намаараа юм уу ах дүүсээрээ хувааж улсын төсөв дээр амьдардаг байдлыг халах ёстой.
Засаг дарга тухайн орон нутгийнхаа иргэдийн нийгэм, эдийн засгийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Хот төлөвлөлтийн асуудал байна. 15 мянгаас дээш хүн амтай суурингуудыг хот болгох асуудал бий. АН-ын мөрийн хөтөлбөрт төмс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар зорьсон. Хөрөнгө оруулалтыг энэ салбарт чиглүүлнэ.
-Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэж байх үед “Шударга ёс” эвслээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Өмнөх УИХ-аар ч бас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ярьж байсан. Энэ талаар танай Бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарим асуудал байна. Үндсэн хуулийн нэлээд хэдэн асуудлыг шийдье гэж улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалт дээр ярьсан. Үндсэн хуулийн чухам ямар заалтыг өөрчлөх шаардлагатай юм бэ гэдэг талаар ярилцсан. Орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх нь чухал. Засаг даргыг сонгох тогтолцоо, шууд ардчилалтай холбоотой өөрчлөх зүйл бий. Улс төрийн бүх нам зөвшилцөж ойлгож чадах юм бол нэлээд хэд хэдэн чухал заалт оруулна.
-Мөн УИХ-ын болон дэгийн тухай хуулийг хэлэлцэнэ. Шинэ УИХ яг ямар шинэ дэгтэй болох вэ. Энэ төсөлд МАН-ын бүлэг байгуулах асуудал багтсан биз дээ?
-УИХ тухайн үедээ тохируулаад дэгээ өөрчилдөг. УИХ-ын Ажлын хэсгийн хэн ажиллаж байгаа. Бүлэг байгуулах асуудлаар хуулийн төсөл боловсруулсан гишүүд Ажлын хэсэгт багтсан. Тэд Дэгийн тухай хуулийн нэг л заалтыг өөрчилье гэсэн бол одоо Ажлын хэсэгт завсарлага авахад хязгаар тогтоох, Бүлэг байгуулах гэх мэтээр уг хуульд цогцоор оруулах өөрчлөлтийг ярьж байгаа.
С.УУЛ