Засгийн газар, Монголбанкнаас Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан “Ирэх оны төсвийг тусгай шаадлагуудыг хангаж боловсруулсан” гэж энэ үеэр Их хурлын даргад мэдэгдэв. Тухайлбал, төсвийн алдагдал ирэх онд хоёр хувиас хэтрэхгүй байх, төсөвт оруулах орлогыг шахахын зэрэгцээ зарлагыг багасгах, төсвийн төвлөрлийг саармагжуулах, нутгийн өөрөө удирдах байгууллага төсвөө бүрдүүлж зарцуулах зэрэг хэд хэдэн онцлогтойгоор төслийг боловсруулжээ.
Төсвийн тухайн хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх явцад салбар хариуцсан сайд нар төсвөө хамгаалах юм байна. Түүнээс гадна хуулийн төсөлд тусгагдсанаар боловсролын салбар хамгийн их төсөвтэй байгаа гэж Ч.Улаан сайд хэллээ. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг парламентын тэргүүнд өргөн барихдаа “2013 оны эцэст инфляцын түвшинг найман хувиас хэтрүүлэхгүй” гэв. 2014, 2015 онд дээрх түвшинг зургаан хувьд хүргэх хэтийн бодлоготойгоор үндсэн чиглэл боловсруулагдсан байна.
Ирэх жилийн мөнгөний бодлогод Засгийн газрын оролцоо нэлээд чухал байгааг Төвбанкны удирдлага мөн ярьж байв. Түүнчлэн моргейжийн буюу урт хугацааны зээлийн жилийн хүүг найман хувиас хэтрүүлэхгүй байх, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, үндсэн зорилтын хэрэгжилтийг олон нийтэд тогтмол тайлагнах замаар Төвбанкны хариуцлагыг сайжруулна. Банкны тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн салбарын эрсдэл даах чадварыг мөн дээшлүүлэхээр үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.