УИХ-ын анхны намрын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Ирц 76.1 хувьтай байв. Уламжлал ёсоор УИХ-ын дарга чуулганы хуралдааныг нээж, үг хэлсэн. Намрын чуулганаар жил жилийн улсын төсөв, мөнгөний бодлогыг баталдаг. Дэлхийн санхүү, эдийн засаг хямарч байгаа энэ үед Парламент төсөв батлахдаа илүү анхаарах хэрэгтэй болж буй юм. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ ч спикер үүнийг онцолсон.
Тэрбээр “Сүүлийн гурван жилд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй тэлсэн хэдий ч, дотоодын эдийн засгийн дархлааг сайжруулах, эрсдэлийг багасгах замаар эдийн засгийн урт хугацааны тэнцвэртэй бөгөөд хүртээмжтэй өсөлтийг хангах, гадаад зах зээлийн сөрөг нөлөөлөл, хямралыг зөөллөх хариуцлагатай цаг үе тулгарч байна.
2013 оны төсөв нь шинээр баталсан Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоогдсон шаардлагад нийцэн батлагдах ёстой. Төсвийн бодлогыг оновчтой тодорхойлон хэрэгжүүлэх үүднээс эдийн засгийн хямрал, экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүн болсон зэс, бүх төрлийн нүүрсний эрэлт багасч, үнэ буурснаас төсвийн орлого төлөвлөж байснаас багасч байгаа нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бусад боломжит эх үүсвэрүүдийг дайчлах, зардлыг хэмнэх шаардлага үүсэж байна” гэсэн юм.
(Түүний хэлсэн үгийг А7 нүүрээс бүрэн эхээр нь уншина уу) Намрын чуулганы нээлтэд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч үг хэлсэнгүй. Улмаар Төрийн дуулал эгшиглэж, намрын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв.
С.ТУУЛ