УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдав. УИХ-ын болон дэгийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт багтсан гишүүн Ц.Цолмон тэдэнд мэдээлэл өгсөн байна. Дэгийн тухай хуульд МАН-ын бүлэг байгуулах, завсарлага авах хугацааг тав хоногоор хязгаарлах заалт байгааг уншигчид мэднэ. Эдгээр асуудлаар эвслийнхэн нөгөө хоёр Бүлгийн удирдлагатай зөвшилцөж, тодруулах шаардлагатай гэсэн байна. Тэгвэл Анхдугаар чуулганы үеэр маргаан дагуулаад байсан зарим заалтыг илүү тодруулж, хэл амгүй болгох зохицуулалт бас оржээ.
Энэ талаар Бүлгийн ахлагч Н.Батцэрэг өчигдөр мэдээлэл хийсэн юм. Төсөлд “Анхдугаар чуулганыг УИХ-д хамгийн олон суудал авсан намын насаар ахмад гишүүн удирдана” гэж заажээ. Одоогийн хуулиар бол УИХ-д сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь хурал удирддаг. Цөөнх болсон МАН-д тэр ахмад хүн нь байж таараад Анхдугаар чуулганаа хийх гэж хэсэг маргаан болсон учраас АН-аас уг заалтыг зүтгүүлжээ. Харин эвслийнхэн олонх болсон намын хамгийн ахмад нь хурал удирдана гэсэн заалтыг шууд дэмжсэнгүй. Тэд “Тухайн хуралдаанд ирсэн гишүүдийн хамгийн ахмад нь гэж найруулсан нь зөв” гэж үзжээ.
Мөн тухайн өдрийн хуралдаанд ирээд ирцэндээ бүртгүүлчихсэн, тэгээд тодорхойгүй шалтгаанаар хуралд оролцоогүй бол татгалзсан санал өгснөөр тооцохоор тусгасныг дэмжжээ.