УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, намрын чуулганаар хэлэлцэн шийдэх асуудлын талаар ярилцсан байна. Өмнөх чуулганаас “өвлөгдөн” ирсэн зарим хуулийн төслийг эргэн харж, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй утга, агуулга нийцэж буй эсэхийг нягтлах хэрэгтэй гэж гишүүд нь үзсэн байна. Мөн хууль санаачлах эрхээ гишүүд хэтрүүлэхгүй, ёс зүйтэй хандах ёстой гэжээ. Хэн нэгний захиалгаар лообийны хуулийн төсөл санаачилж, батлуулах гэж гүйх явдал байх ёсгүй гэдгийг Бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцолсон юм. Сэтгүүлчид түүнээс болон бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас зарим зүйл лавлав.
-МАН-ын бүлэг байгуулах асуудлыг төсвийн өмнө хэлэлцэх боломжтой юу?
-Энэ бол УИХ-ын болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийн нэг л заалт. Бид дэгээ цогцоор нь өөрчлөх гэж байгаа. Тэгээд ч уг асуудал төсөв батлахаас илүү чухал биш юм.
-Дэгийн тухай хуулийн төсөлд завсарлага авах хугацааг тав хоног байхаар тусгасан. Энэ хугацаан дээр санал нэгдэж чадсан уу?
-Завсарлага байх ёстой ч хугацааг хязгаарлах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байгаа. Харин тэр нь тав эсвэл 50 хоног байх уу гэдэг дээр эцсийн шийдэлд хүрээгүй байна.
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд бүсгүйчүүдийн квотыг тусгасангүй гэсэн шүүмжлэл их байна. АН-ын бүлэг үүнд ямар байр суурьтай байна вэ?
С.Одонтуяа: -Эмэгтэй гишүүдийг энэ талаар их шүүмжилж байгаа. Гэвч бид энэ асуудлыг мартсан юм биш. Ажлын хэсэг дээр ярилцсан. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 70-80 хувь нь бүсгүйчүүд байдаг. Тэдний 40-50 хувь нь сонгогддог юм билээ. Тиймээс хуульд квот тогтоох бол 50 хувиас доошгүй гэж тусгах ёстой гэсэн. Ажлын хэсэг дээр энэ санал унасан. Хэрэв 25 хувиар квот тогтоосон бол бүсгүйчүүдийн оролцоог бодит байдлаас бууруулчих байсан.