Шоунд уригдаж, бас шинийг сэддэг тамирчин цөөнгүй бий. Тэдний талаар товч сонирхуулья.
РОНАЛДО
Зодог тайлсныхаа дараа жин нэмэх асуудал тамирчдын “толгойн өвчин” болдог. 2011 оны хоёрдугаар сард спортоо орхисны дараа Бразилийн хөлбөмбөгчин Роналдо таргалахын хэцүүг яс махандаа шингэтэл ойлгожээ.
Гэвч “туулай шүдэт” энэ бүхэнд бууж өгөлгүй “Fantasico” шоунд оролцон, өөрийн асуудлыг шийдвэрлэхээр шийдсэн юм. “Би заавал үр дүнд хүрнэ. Та нар хараарай” хэмээн өгүүлэх 90 кг татаад буй эл тоглогч Зинедин Зидантай хамт нөхөрсөг тоглолтод оролцохоос татгалзаагүй нь хачирхалтай.
УЭЙН РУНИ
Реалити шоуны бас нэг од Уэйн Руни бөгөөд өөрөө ч зохиогчийн үүрэг гүйцэтгэсэн гэж байгаа. Крокстетэд төрж, гудамжинд хөлбөмбөг өшиглөж өссөн жаалын тухай баримт цэнхэр дэлгэцнээ хөвөрнө.
Мөн тэрбээр өөрийн сэдсэн шоундаа хөлбөмбөгч асан Энди Анса, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн олон оддыг урьсан. Шоуны ялагч Бразил дахь бэлтгэлийн төвд зочлох эрх авсан бол ӨАБНУ-д болсон ДАШТ-ий тасалбар сугалсан азтан ч бий.
ИАН РАЙТ
“Арсенал” клубийн довтлогч Иан Райт залуу хөлбөмбөгчдийг дэмжихээр шийдэж, нэгэн төсөл боловсруулжээ. Шоронд сууж буй хүүхдүүдийг зөв замд хөтлөхөд энэ бүхэн тус болно гэдэгт найдсан тэрбээр Sky1 телевизтэй хамтран, зургаан цуврал шоуг 2009 онд хийсэн билээ.
СТИВЕН ЖЕРРАРД
«Being Liverpool” шоу олны анхаарлыг татсан нь Стивен Жеррардтай холбоотой. Хөлбөмбөгөөс ангид тэр хэн бэ? Түүнийг бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гэсээр явтал Жеррардгүй гэр ямар байдаг бол? Тэр багийхантайгаа хэрхэн харьцдаг вэ? Энэ бүхнийг мөн гурван охин, эхнэр Алекс Каррэн нарын харьцаанд энэхүү шоу нэвтэрсэн юм. Зургийг улирал хоорондын амралтын үеэр авчээ.
МАРК ФИЛИППУСИС
2007 оны зургадугаар сард Австралийн теннисчин Марк Филиппусис «Age of Love» шоуны гол баатар болохыг зөвшөөрсөн байна. Тэрбээр зургаан бүсгүйгээс анх 20 настайг нь сонгож, зургаан асуулт асуугаад л таалагдсан эсэхээ илэрхийлэх эрх эдэлсэн. Шигшээд 25 настай, хоккейчин Аманда Салинас үлдсэн бөгөөд зураг авахуулсан таван сарын дараа тэд салжээ.
МАЙКЛ ФЕЛПС
Лондоны олимпийн дараа зодог тайлсан Майкл Фелпс цоо шинэ төрөлд хүч сорихоор шийдсэн нь гольф. Тиймээс Тайгер Вудсийн дасгалжуулагч Хэнк Хэйнитэй хамтран Haney Project төсөл хэрэгжүүлж, шоу хийж, зочноор алдартай хүмүүсийг урин, усанд сэлэгч Боб Боумэн ч оролцжээ.
САНЯ РИЧАРДС
Олимпийн дөрвөн удаагийн аварга, 400 м-т гүйгч америк бүсгүй Саня Ричардс өөрийнхөө тухай кинонд тоглож, гэр бүлийн амьдралаа дэлгэхээс татгалзсангүй. Түүний бэлтгэл сургуулилт, олимпийн үеийн агшин, хувийн харьцаа бүгд орсон бөгөөд WE tv суваг энэ эрхийг авсан юм. Түүний хуримын сурвалжлагыг энэ телевиз нэвтрүүлсэн билээ.
СЕРЕНА УИЛЯМС
Нэрт теннисчин Серена Уилямс 2007 онд “Хурдан машинууд” шоунд оролцсон. Ихэнх хэсэг нь реклам сурталчилгаанаас бүтэх уг нэвтрүүлэг салбар бүрийн шилдгүүдийг зочноор оролцуулдаг аж. Гэвч Серенад энэ шоунд түрүүлэх хувь олдолгүй нэгдүгээр үеэс орхижээ.
Б.СОНДОР