Шинэчлэлийн Засгийн газар хэмээх байшин АН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл гэсэн гурван суурь багана дээр тогтдог. Байшингийн хүндийн жингийн гол ачааг АН, “Шударга ёс” эвсэл үүрнэ. Тиймээс аль аль нь бат бөх, тогтвортой байж амьдрал үргэлжлэх учиртай. Харамсалтай нь “Шударга ёс” эвсэл хэмээх багана жаахан бэхэлгээ муу аж. Үе үе яйжийх гээд байдаг гэмтэй. Тус баганыг Н.Энхбаяр хэмээх эрхэм оосорлочихоод дуртай үедээ ийш тийш ганхуулчих гээд байдаг учраас тэр. Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд өнөөх багана бас ганхах янзтай. “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МАХН, МҮАН-ынхан уг сонгуульд тусдаа оролцох шийдвэр гаргасан нь нийгэмд Засгийн газар гэдэг байшин нурах нь гэсэн болгоомжлол төрүүлэв. Бас МАХН-ынхан энэ тухайгаа МҮАН-ын ханд хэлэлгүй шийдэж сюрприз барьсан гэх. Байшин үнэхээр нурах гээд байна уу, хэрэв тийм бол өнөөх баганыг орлуулах боломж юу байгааг тандъя. Энэ тохиолдолд “хохирогч” болж харагдаад буй МҮАНынхнаас байдлыг тодруулав. Тус намаас сонгогдсон УИХын гишүүн Ц.Цолмон “Бид сонгуулийн үр дүнгээ бодолцоод зарим аймагт тус тусдаа оролцохоор болсон. Тухайн аймгийн онцлог, ялах магадлалаа тооцоод цөөн тооны ийм аймаг сонгосон. Түүнээс эвсэл задраад, Засгийн газраас гарах гээд байгаа юм биш. Олон суудал авахын тулд ийм тактик хэрэглэж буй юм” гэлээ.
МАХН, МҮАН-ынхан хэдий гээр тус тусдаа сонгуульд оролцох ч гарсан үр дүнгээ эв найртайгаар нэгтгэх юм байна. Бас орон нутгийн сонгуульд хамтарч оролцоно хэмээн Засгийн газар байгуулахдаа хийсэн гэрээндээ тусгачихсан. Үүнийг яаж “аргалах” вэ гэхэд “Тусдаа оролцсон ч сонгуулийн үр дүнгээ нэгтгэх учраас гэрээ зөрчихгүй. Ялсан аймгууддаа АН-ынхантай хамтарч ажиллана” хэмээн хариулав. Тэгэхээр МҮАН-ынхнаас нуугаад л МАХН шийдчихсэн юм биш бололтой. Үнэхээр олон суудал авах арга зам нь энэ юм бол байшин нурах аюул одоохондоо үгүй юм. Гэхдээ бид хардах эрхтэй. Ингэх ч үндэслэл бий. Эвслийг бүрдүүлэгч МАХН руу хардлагын үзүүр чиглэнэ. Энэ талаасаа асуудалд хандаж, үүсэж мэдэх нөхцөлийг таамаглаад үзье.
Засаг төр задарч, тогтворгүй байдал бүү үүсээсэй гэсэндээ бас анхааруулах гээд буй юм. МАХН бол Н.Энхбаярын нам. Түүнийг баривчлах ажиллагаандаа алдаа гаргаж, чимээгүй хийж чадаагүйгээсээ болоод хууль, хяналтынхан Н.Энхбаярыг ардын баатар болгож орхисон. Зууны хамгийн өрөвдөлтэй, гэм буруугүй нэгэн болгочих шахаж ард түмний нэг хэсэг түүнийг өмөөрсөнд гутлаа өмсөж завдаагүй байхад хөлийг нь гозолзуулсаар авч одсон дүр зураг “буруутай”. Учир нь энэ дүр зураг Н.Энхбаярыг өрөвдөж, түүний намынханд итгэл хүлээлгэх гол шалтгаан болсон. Улмаар МАХН, МҮАНын “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудал авч том амжилт үзүүлсэн. Н.Энхбаяр өөрөө шоронд үлдсэн. Гэхдээ УИХ-д сонгогдсон 11 эрхэм ямар нэг хэмжээгээр түүнд өртэй үлдэж буй юм.
МҮАН-ынхан түүний шууд удирдлагад хамаарахгүй байж болох бол МАХН өөр. МАХН-ынхан Н.Энхбаярын заавраар ажиллах, түүнийг мандуулах ганц том зорилготой. Түүнд шүүх ял онооход Засгийн газраас гарна гэж МАХН-ынхан л гүйсэн. Төр биш Н.Энхбаяр тэдэнд чухал учраас тэр. Гэхдээ бас ч гэж өөрсдөд нь итгэл хүлээлгээд, үнэндээ өрөвдөөд сонгочихсон ард түмний саналыг хүндлэх ёстойгоо мэдэхтэйгээ байжээ. Гэхдээ байшин нурахгүй, багана ганхахгүй болсон гэж тайвшрах болоогүй. Хоёр дахь шатны шүүх МАХН-ын даргын ялыг хэвээр баталсан, одоо Дээд шүүх түүнийг нь баталгаажуулбал Н.Энхбаяр утсан хүүхэлдэйнүүддээ ямар заавар өгөх бол гэсэн болгоомжлол байгаа. АН-ынханд шүү дээ.
Одоогоор “Шударга ёс” эвслийн зүгээс “Манай даргыг аварч чадаагүй болохоор чинь бид Засгийн газраас гарлаа” гэх мэт үгс унагаагүй байгаа юм билээ. МҮАН-ынхан ч бас байдал тэгж хүндрэхгүй хэмээн найдаж сууна. Гэхдээ хэрэв МАХН-ынхан “том ах”- ынхаа заасан замаар явбал, тэр зам нь байшинг нураах зорилготой бол АН яах вэ. АН-ынхан нөөц төлөвлөгөө бодож л яваа. Хамгийн анх Засгийн газрыг хэнтэй хамтарч байгуулах вэ гэсэн яриа гарахад л тэд нөөц төлөвлөгөө боловсруулсан байж таарна. Хамтарсан Засгийн газраас Н.Энхбаярын цэргүүд гарлаа гэж бодоход МҮАН-ынхан бууриа сахих магадлал өндөр. Тэд бол “том ах”-ын цэрэг биш.
Уг эвслийн 11 төлөөллийн Н.Батцэрэг, Д.Батцогт, Г.Уянга, Ц.Цолмон, М.Сономпил тав МҮАН-ынх. АН одоо УИХ-д 31 гишүүнтэй. Хэрэв нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дахин сонгуулиар Л.Эрхэмбаяр сонгогдоно гэж тооцвол 32 хүнтэй болно. ИЗНН-ын хоёр гишүүн байр сууриа хадгалах нь мэдээж. Тэгэхээр Засгийн газраа хадгалж үлдэх 39 гишүүн АН-д байгаа аж. Гэхдээ тулсан 39 хүнтэй Засгийн газар байгуулах нь ахиад л бэхэлгээ муу байхын цондон. Тэгэхээр үлдсэн баттай нэг хувилбар нь МАН болоод буй юм. Гэвч АН-ынхан МАН-ыг хамтрагчаар сонгохгүй гэдгээ хэлсэн. Нөгөөдүүл нь “УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хамгийн олон суудал авсан хоёр нам л хамтрах нь зүйд нийцнэ” гэсэн юм яриад хуулийн төсөл хүртэл санаачлаад яваа сурагтай. Эсвэл байдал бишдээд ирэхэд МАН гэдийж орхиход УИХ тарах нөхцөл үүсэх аюул бий. Гэхдээ байдлыг ингэж хүндрүүлэхгүйгээр асуудлаа шийдэх нөөц төлөвлөгөө АН-д бий гэж найдъя.
С.ТУУЛ