“Нэрийн хуудас” гээчтэй бид танил болоод төдийлэн удаагүй. Одоо тэгтэл нэгэнт бидний хэрэглээ болчихсон байна. Тэгэхдээ ийм зүйлийг манайд хүссэн хүн болгон хэрэглэхгүй, харин төрийн албан хаагчид толгой дараалан хэрэглэх болсон. Гэтэл Засгийн газрын гишүүдээсээ аваад төрийн албан хаагчид нэрийн хуудсаа өөрийн хүссэн загвараар хийлгэх болж. Монгол Улсын Засгийн газрын хоёр гишүүн хоёр өөр нэрийн хуудастай байх нь бидний хувьд гайхах зүйл биш болсон байна. Тэгвэл гадаад орнуудын төрийн түшээдийн нэрийн хуудас тогтсон нэг загвартай, өөрийн орны сүлдийг дүрсэлсэн байдаг аж. Тэр ч бүү хэл нэрийн хуудасны олон улсын стандарт гэж байх бөгөөд түүний дагуу есөн төрлийн хэмжээ (мм-ээр) байдаг байна. Дэлхийн бүх улс эдгээр хэмжээний аль нэгийг хэрэглэж иржээ.
Нэрийн хуудас дээрх мэдээлэл маш товч, тухайн хүний нэр, албан тушаал, ажлын газрын утас, факс, зөвхөн албан ёсны и-мэйл хаягийг бичдэг байна. Хувийн и-мэйл хаягийг албаны нэрийн хуудсанд хэрэглэдэггүй. Сүүлийн үед зарим газар албан ёсны вэб хуудасны хаягийг оруулдаг болсон байна. Засаглалын аль салбарт ажиллаж байгаагаас шалтгаалж зарим улс оронд сүлдээ нэрийн хуудсанд өнгөөр ялгаж хийх болжээ. Тухайлбал, Австралид гүйцэтгэх засаглалын салбарт ажиллаж буй түшээд цэнхэр, хууль тогтоох засаглалын дээд танхимын гишүүд болох Сенаторууд улаан хүрэн, Төлөөлөгчдийн танхимын гишүүн алтан шар өнгөтэй сүлдийг нэрийн хуудсандаа хэрэглэдэг байна.
ОХУ-д Төрийн Думын гишүүдийн нэрийн хуудас өнгөгүй товойлгосон сүлдээр, гүйцэтгэх засаглалынхан товойлгосон алтан шаргал сүлдээр ялгардаг байна. Нэрийн хуудсыг чанар муутай цаасан дээр, ердийн принтерээр биш, ихэвчлэн 300 грамм (нэлээд зузаан)-ын сайн чанарын цаасан дээр офсет хэвлэлийн машинаар хэвлэж байна. ОХУ-ын Төрийн думын гишүүд 300 граммын цаасан дээр, гүйцэтгэх засаглалын түшээд 330 граммын цаасан дээр нэрийн хуудсаа хэвлүүлдэг аж. Зарим оронд ямар нэгэн яам толгойлдоггүй, тодорхой асуудал хариуцдагг үй боловч шийдвэр гаргахад оролцдог кабинетын гишүүн бус сайд байдаг. Ийм сайдууд “Member of the Cabinet” (Танхимын гишүүн) хэмээн нэрийн хуудсанд албан тушаалаа тодотгож бичдэг байна.
Манай УИХ, Засгийн газрын гишүүд улс орноо, төрөө төлөөлж гадаад, дотоодын олон хүнтэй уулздаг, тэдний албан тушаалын ангилал нэг учраас Засгийн газрын болон УИХ-ын гишүүний нэрийн хуудсыг тогтсон загварт оруулах, тодорхой стандарт гарган мөрдөх шаардлага гарсан байна. Бас УИХ, Засгийн газрын гишүүдийн нэрийн хуудасны хэмжээ, цаасны жин, нэрийн хуудсан дээрх мэдээлэл олон янз байгааг цэгцэлж нэг мөр болгох нь зүйтэй гэж Засгийн газар үзэж, есдүгээр сарын 22-ны хуралдаанаараа загварыг нь баталжээ. Манай улсад хэрэглэж байгаа нэрийн хуудасны 90х55 мм гэсэн хэмжээг Австрали, Дани, Шинэ Зеланд, Норвеги, Тайвань, Швед, Вьетнам улсуудад хэрэглэж байна. 100х60 гэсэн хэмжээг зөвхөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Шадар сайдын зиндаанд хэрэглэж иржээ. Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Шадар сайдаас бусад гишүүн, сайд 90х55 мм гэсэн хэмжээтэй цаасан дээр нэрийн хуудсаа хэвлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Цаасны хувьд УИХ, Засгийн газрын гишүүд нэрийн хуудсаа 300 граммын цаасан дээр хэвлэлийн машинаар, төрийн албан хаагчид нь 250 граммын цаасан дээр принтерээр хэвлүүлж байх юм. Төрийн түшээдийн хувьд бүгдээрээ соёмбо тэмдгийг хэрэглэж ирсэн. Цаашдаа соёмбо, сүлдийг ялгаатай хэрэглэх аж. Тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар товойлгосон, өнгөтэй сүлд. УИХ-ын дэд дарга нар болон Шадар сайд, Үндсэн хуулийн Цэцийн дарга мөн ийм стандартыг мөрдөж болох юм байна. УИХ-ын гишүүд ард түмнээ төрд төлөөлж байдгийн хувьд алтан шаргал өнгөтэй төрийн сүлд, Засгийн газрын гишүүд бадамлянхуа суурь бүхий алтан шаргал соёмбо, төрийн бусад түшээд алтан шаргал соёмбыг хэрэглэнэ.
Манайд бүх сайд Засгийн газрын гишүүн учраас нэрийн хуудсанд “Засгийн газрын гишүүн” гэж бичих шаардлагагүй. Харин нэрийн хуудасны дээд талд “Монгол Улсын Засгийн газар” гэж бичээд сайдын нэрийн дор албан тушаалыг, УИХ-ын гишүүн, сайд тохиолдолд “Улсын Их Хурлын гишүүн, тухайн яамны сайд”, англиар нэрийн ард таслал тавиад МР, доод талд нь Minister of гэж бичнэ. Энэ нь ихэвчлэн Парламентын засаглалтай улс оронд мөрддөг, нийтлэг жишиг юм. “Монгол Улсын Засгийн газар” гэсэн бичвэрийг зөвхөн сайд нар хэрэглэнэ. Сайд нарын нэрийн хуудас босоо, уйгаржин монгол болон англи хэлээр, бусад төрийн албан хаагчид кирил, монгол, англиар нэрийн хуудсаа хэвлүүлнэ. Бас сайд нар гадаадын зочин төлөөлөгчидтэй солилцдог нэрийн хуудсын бичвэрийг товойлгож, энгийн үед хэрэглэдэг нэрийн хуудсын бичвэрийг жирийн байдлаар хийнэ.
УИХ-ын гишүүдийн хувьд нэрийн хуудасны дээд талд “Монгол Улсын Их Хурал”, төв хэсэгт нэрийн дор нь “Улсын Их Хурлын гишүүн”, хэрвээ Байнгын эсвэл Дэд хорооны дарга бол тухайн албан тушаалыг бичнэ. Яамд болон агентлагийн ажилтнууд нэрийн хуудасны дээд талд тухайн Яам, агентлагаа бичээд нэрийн доод талд албан тушаалаа бичнэ. Англи хэл дээр нэрийн хуудсаа хэвлүүлэхдээ эхлээд эцгийн нэр, дараа нь өөрийнхөө нэрийг томоор ялгаж бичнэ. Учир нь гадаадын олон оронд тухайн хүний овгийг хоёрдугаарт бичиж овгоор нь дууддаг учир өөрсөдтэйгөө адил сэтгэж тухайн хүнийг овгоор нь дуудаад байдаг.
Олон улсын хэмжээнд нэрийн хуудасны зөвхөн нэг тал бичлэгтэй байдаг тал бий. Ийм тохиолдолд өөрийн төрөлх болон хүссэн хэл дээр хоёр янзын нэрийн хуудас хийлгэдэг. Гэхдээ хөрөнгө хэмнэх үүднээс УИХ, Засгийн газрын гишүүдийн нэрийн хуудас нэг талдаа монгол, нөгөө талд нь англи хэлээр бичсэн байх нь илүү зохимжтой гэж үзжээ. Засгийн газрын гишүүд монгол бичиг, англиар, УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо ажилладаг онцлогийг харгалзан кирилл монгол, англи хэлээр хэвлүүлж болно. Нэрийн хуудасны зардлыг тухайн албан хаагч өөрөө хариуцах юм байна.
Р. ЖАРГАЛАНТ