МҮАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ц.Цолмон уржигдар МАХН-д элсчээ. Үндэсний үзэл дээр тулгуурласан төрийн бодлого явуулахаа тунхагладаг намын даргын албыг хашиж байсан энэ эрхэм эвслийг бүрдүүлэгч МАХН-ын батлах өвөртлөх шийдвэр гаргасан нь тун ч сонин. МҮАН-ын зүгээс ч түүн рүү чиглэсэн шүүмжлэл их ирж буй юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Таныг МАХН-д элссэн тухай мэдээлэл цацагдлаа. Яагаад МАХН-ыг сонгочихов оо?
-Энэ бол хувь хүний сонголт. МАХН, МҮАН хоёр нэгдэж, нэг нам болох ёстой гэсэн байр сууриа би сонгуулийн өмнөөс л илэрхийлж ирсэн. Хоёр монгол хүн нийлж компани байгуулаад, дараа нь мөнгөтэй болмогцоо муудаад салдаг жишээ байдаг. Үүний адилаар 5-6 сарын өмнө МАХН, МҮАН-ынхан бие биедээ хэрэгтэй, хамтарч ажиллая гээд л сонгуульд оролцсон.
Одоо Засгийн газарт орчихоод буюу мөнгөтэй болчихоороо бие биенээ үгүйсгэж эхэллээ. Гэхдээ асуудал нь хувь гишүүддээ байгаа гэж бодож байна. Тиймээс Монгол Улсын эрх ашгийн төлөө хувийн эрх ашгаа орхиж, нэгдэж ажиллах ёстой. Орон нутгийн сонгуулийн байдлыг харахад МАХН өөрийгөө илүүд үзэж улмаар энэ хандлага нь орон нутаг руу “халдварлаж”, эвслийн хоёр нам ихэнх аймагт тусдаа оролцохоор боллоо.
Байдал ийм байгаа үед би МҮАН-ын хүн МАХН-д орж болдог гэдгийг, тэгээд “хордох” нь уу, яах нь вэ гэдгийг харуулах гэсэн юм.
-Н.Энхбаяртай илүү ойр дотно харилцаатай болжээ гэсэн хардлага байгаа. Танд МАХН-аас ийм санал тавьсан уу, эсвэл зөвхөн Таны шийдвэр үү?
-Миний хувийн шийдвэр. Нэлээд дээр ингэж шийдээд байсан. Сонгуулийн дараа МАХН-д элсэж болох байсан шүү дээ, яагаад заавал одоо гэж гэсэн шүүмжлэл ч гарч л байна. Би улс төрийн нөхцөлд тохируулж алхам хийсэн. Үүгээрээ бас хоёр намынхныгаа нэгдэж ажиллахыг уриалж байгаа юм.
-Хоёр намын зөрчлөөс болоод хамтарсан Засгийн газар тарж мэдэх эрсдэл үүсээд байгаа юм биш үү?
-Орон нутгийн сонгуульд тусдаа орж хэн хэнийхээ чадал, чадварыг шалгах байх. Дараа нь хамтраад ажиллана. Ер нь Засгийн газар удахгүй задарна, сонгуулийн өмнө сална гэсэн сэтгэлгээгээр биш, цаашдаа ч хамтраад ажиллана гэж бодож ажиллах ёстой. Өнөөдөр гэр бүл болж байж, “Удахгүй салах байх даа” гэж бодоод байвал сайхан амьдрах уу. Тиймээс дараагийн сонгуулиар АН, “Шударга ёс” эвсэл хамтарна гэж бодож ажиллах нь чухал.
С.УУЛ