Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг баталснаас хойш хоёр дахь удаагаа нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр өргөн барив. Уг хуулийг батлах үед бүсгүйчүүдэд квот тогтоох талаар ам нээгээгүй, өөрсдөө сонгогдчихоод санаа амарсан гэх мэтээр хурцхан шүүмжлүүлсэн хүүхнүүд гэмээ ухаарсан бололтой. Дээрх шүүмжлэл гарах үед эмэгтэй гишүүд “Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дийлэнх нь бүсгүйчүүд байдаг, 30-аас багагүй хувиар сонгогддог. Тиймээс 50 хувиас доошгүй квот тогтоохгүй бол одоогийн давуу талыг багасгаж орхино” гэсэн тайлбараар ам хааж байсан юм. Гэнэт буруугаа ухаарах болсноо гишүүн Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар өчигдөр сэтгүүлчдэд тайлбарлав.
Хууль баталснаас хойш улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ирэх оноос хэрэгжиж, улмаар орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд эрчүүд илүү идэвх, зүтгэл гарган оролцохоор шийдээд байгаа аж. Энэ нь өрсөлдөөнийг ширүүсгэж, тэр хэрээр бүсгүйчүүдийг шахах байдал үүссэнийг эмэгтэйчүүд УИХ дахь есөн төлөөлөлдөө мэдэгдсэн байна. Тиймээс хуулийн 26.1-д “нэр дэвшигчдийн жагсаалтад аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байна” гэсэн ганцхан заалт нэмэхээр боловсруулсан төслөө тэд өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ.
УИХ-ын сонгуулийн хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахыг хориглодог. Харин Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөхөд цаг хугацааны ийм хязгаарлалт байхгүй. Тиймээс ч хэдхэн өдрийн дараа орон нутгийн намууд нэр дэвшигчдээ тодруулах гэж байхад түшээд хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж болж байгаа юм. Уг нь жагсаалтад нэр дэвшүүлэхдээ хүйсийн хувьд 3:1 гэсэн харьцааг баримтлах гэх мэт хэд хэдэн заалттай төсөл байсан ч цаг хугацааны хувьд олон юм өөрчлөх боломжгүй хэмээн Засгийн газар үзсэн аж. Тиймээс зөвхөн квот тогтоох заалтаа авч үлджээ.
Засгийн газраас төсөлд санал өгөхдөө “УИХ-ын сонгуулийнхтай адил бүсгүйчүүдэд 20 хувийн квот тогтоовол зүгээр юм” гэжээ. Гэвч хүүхнүүд энэ нь одоогийн нөхцөл байдлыг дордуулах учир “30 хувь” гэж байх нь дээр гэж үзсэн байна. Гишүүн Ц.Оюунгэрэл энэ талаар “Энэ сарын 5-9-нд орон нутгийн намууд нэр дэвшигчдээ тодруулна. Тиймээс нэр дэвшүүлэхдээ хуульд ийм өөрчлөлт оруулах гэж буйг анхаарч үзээсэй. Яаралтай асуудал учир чуулганаар хурдан хэлэлцэж өгөөч гэж УИХ-ын даргаас хүссэн. Өмнөх УИХ гуравхан эмэгтэй гишүүнтэй байхдаа Сонгуулийн тухай хуульд квот тогтоож чадсан. Тиймээс эрчүүд маань бидний төслийг бас дэмжинэ гэж найдаж байна” гэлээ. Хэдийгээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн ч олон улсын дундаж түвшин 20 хувь байгааг Л.Эрдэнэчимэг сануулав.
Мянганы хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх дэд хорооны дарга Г.Уянга “Уг бодлогын есөн гол зорилтын нэг нь шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх явдал. Баялгийг тэгш хуваарилахад бүсгүйчүүдийн оролцоо чухал” гэлээ.
С.ТУУЛ