Орос бүсгүйчүүдийн “уурганы хуувь урт” гэдгийг Криштиану Роналду, Самира Насри, Оскар Писториус, Фернандо Алонсо нарын дэлхийд алдартай оддын хувийн амьдрал харуулж байна. Энэ нь тэдний сэтгэл татам гоо үзэсгэлэн, өв тэгш бие бялдар, цог жавхлантай байдалтай нь холбоотой болов уу?
Өнгөрсөн жилийн сүүлч хүртэл дуучин Ракель дель Росариод үнэнч явсан нэрт нисэгч Фернандо Алонсогийн толгойг эдийн засагч мэргэжилтэй, таван хэл эзэмшсэн Ксения Чумичева эргүүлсэн юм. Гэвч тэдний хамтын амьдрал хэврэг байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сараас испани эр загвар өмсөгч Даша Капустинатай “жиг ургуулж” амжжээ. Владивостокийн уугуул, 22 настай залуу бүсгүйтэй хүүхнээс уйдамтгай Алонсо хуримын бөгж солилцох болов уу?
Олимпийн дөрвөн удаагийн аварга, трамплинаас харайгч Симон Амманн одоогоос таван жилийн тэртээ Финландын Куопио дахь бэлтгэлийн баазад хүч сэлбэж байхдаа орос оюутан Яна Яновскаятай танилцжээ. Петербургийн сайхан бүсгүйд дурласан “нисдэг” Сими Швейцарийн нэгэн шилтгээнд хайрттайгаа гэрлэх ёслол үйлдсэн билээ. Теннисчин Марат Сафинаас салсны дараа Анастасия Осипова хөлбөмбөгч Никола Петковичтой үерхсэн нь сонирхолтой. Түүний мэргэжил нэгт, “Рубин”-ий тоглогч, эквадор эр Кристиан Нобоа дөрвөн жилийн өмнөөс орос бүсгүй Ольга Романоватай уулзаж эхэлжээ. “Миний хамгийн аз жаргалтай өдрүүд Орост өнгөрдөг. Эхнэр маань Казаньд төрсөн” хэмээн сарын өмнө хоёр дахь хүүгээ тэвэрсэн хөлбөмбөгч өгүүлжээ. Лондоны олимпод эрүүл тамирчидтай уралдсан, хиймэл хөлт Оскар Писториус өөрөөсөө долоон насаар ах, 32-той загвар өмсөгч Анастасия Хозисоватай дотно харьцаа тогтоосон нь хүмүүсийн сонирхлын төвд байна. Дурлалт хосыг Нью-Йоркийн төвөөр зугаалж явахад нь фото сэтгүүлчид тэдний зургийг даржээ. Москвад төрсөн ч Францын иргэншилтэй, 23-тай Татьяна Головина Самир Насригийн амраг бүсгүй юм байна.
Уг нь сноубордч, харин өдгөө слаломд шилжсэн, Америкийн шишээ багийн тэргүүний тоглогч Вик Уайлд Сочигийн олимпод ОХУ-ын туган дор зогсохоор шийдсэн нь 2011 оны дэлхийн аварга сноубордч Алена Заварзинатай холбоотой гэнэ. Тэд гэрлэлтээ баталгаажуулчихсан бөгөөд хоёр жилийн дараах цагаан олимпод медаль авах уриатайгаар оролцох нь. Хойд хөршийн гүйлтийн тамирчин Екатерина Костецкаяг гар дээрээ өргөн жаргалтай гэгч нь инээмсэглэх Австралийн хөнгөн атлетикч, олимпийн аварга Стив Хукерийн зураг “Амьдрал сайхан” гэсэн үгийг өөрийн эрхгүй сэтгэлд буулгана.
Нэрт тамирчид Бээжингийн олимпийн үеэр танилцсан бөгөөд орос бүсгүй 800 м-т хагас шигшээд шалгарч, ирээдүйн нөхөр нь аваргын титэмд хүрсэн түүхтэй. “Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас намар хүртэл бид Австралид амьдарсан. Харин Лондоны олимп дөхөх үест би ихэнх цагийг Орост өнгөрөөсөн. Одоохондоо хэн хэн маань харьяаллаа өөрчлөөгүй байгаа” хэмээн Екатерина өгүүлжээ.
“Ливерпуль”-ийн хөлбөмбөгч асан Альберт Риера Омскийн бүсгүйтэй гэрлэж, Омскт
хуримаа хийсэн гээд бод доо. Тэрбээр Юля Королеватай 2001 оны долдугаар сард танилцжээ. “Улирлын амралтын үеэр нэгэн дискон дээр би Юляг олж харсан. Тэр миний хайж байсан бүсгүй яг мөн гэж өөртөө хэлж билээ. Юля үнэхээр сайхан эмэгтэй” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байна. Өдгөө ч тэд жаргалтай амьдарч байна. Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду Ирина Шейкээс хэзээ ч уйдахгүй гэдгээ олны өмнө илэрхийлсэн нь хоосон амлалт биш байв. Тэдний папараци, янз бүрийн агшин олон сэтгүүлийн нүүрийг чимсээр...
Б.ӨЛЗИЙТОГТОХ