АН-ынхан сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийдэг “4-11” уулзалтаа өчигдөр зохион байгуулав. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, Намын байгуулалтын хэлтсийн дарга Э.Батсуурь, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Чулуунбилэг нар цаг үеийн сэдвээр хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулав.
Шинэчлэлийн Засгийн газрыг хамтран байгуулсан “Шударга ёс” эвслийнхэн дотроо хөлөө жийлцэж эхэлсэн нь танхимын хувь заяанд хэрхэн нөлөөлөх, АН энэ тохиолдолд ямар шийдвэр гаргахыг сэтгүүлчид түлхүү сонирхлоо. “Тухайн эвслийн дотоод асуудалд АН оролцох боломжгүй. Тэд эцсийн шийдвэрээ гаргавал АН улс төрийн нөхцөл байдалд тохируулаад арга хэмжээ авна” гэсэн хариуг Ц.Оюундарь өгсөн. Мөн “Бид шинэчлэлээр шийдье” уриан дор олон нийтийн саналыг шууд авч, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа. АН-аас “Монгол хүн-2020” хөтөлбөрийн эхний ажлыг хийж эхэлж байна. Тухайлбал, 1990-1995 оны ажилгүй, нийгмийн даатгал төлж чадаагүй иргэдийг тэр хугацаан дахь нийгмийн даатгалын мөнгийг нөхөн төлөх боломжийг иргэддээ олгож байгаа. “Монгол хүн-2020” хэлэлцүүлгээр нийгмийн даатгалыг нөхөн олгох чиглэлээр олон иргэн санал өгч байсан.
Мөн халамжийн байгууллагыг босоо тогтолцоонд шилжүүлж чадсан. Хамгийн чухал нь ирэх сараас хүүхэд бүрт сар бүр мөнгө олгохоор боллоо. Түүнчлэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг баталж, УИХ-ын сонгуультай ижил системээр явуулахаар болсон” гэлээ.
-Гэрээний дагуу бол Засгийн газрыг бүрдүүлж буй нам, эвслүүд орон нутгийн сонгуульд хамтарч оролцоно гэсэн. “Шударга ёс” эвслийг бүрдүүлж буй хоёр нам тусдаа сонгуульд оролцохоор уг гэрээ зөрчигдөх үү?
-Бид УИХ-ын сонгуулиар тус тусдаа ороод үр дүнгээ нэгтгэж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Орон нутгийн сонгуульд ч ийм жишгээр хамтрахаар тохирсноос албан ёсоор эвсэл байгуулна гээгүй.
-Дэд сайдуудын томилгоог шүүмжлэл дагаж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
О.Чулуунбилэг: -Өмнө нь Ц.Мөнх-Оргилыг Харвард төгсөөд ирэхэд дэд сайд болгохдоо МАН-ынхан өндөр боловсролтой хүнээ томиллоо гэж сурталчилж байсан. Тэгвэл манай дэд сайд нарын дунд Харвардад багшилж байсан хүн ч бий. Эмэгтэйчүүдийн төлөөллийг Засгийн газарт оруулах үүднээс хоёр дэд сайд томилсон.
-Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ АН хэзээ тодруулах вэ?
-Хуулийн дагуу энэ сарын есөн гэхэд нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорно.
С.УУЛ