ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын “Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд дурангийн мэс заслын багц тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. 2007 оноос хэрэгжүүлсэн эл төслийн шатанд есөн аймаг, зургаан сумын эмнэлгийг зайн оношилгооны сүлжээнд холбожээ.
Тэгвэл энэ удаа ЭХЭМҮТ-д нийт 376 сая төгрөгийн өртөг бүхий, эмэгтэйчүүдийн хэвлийд дурангийн мэс засал хийхэд ашиглах багц тоног төхөөрөмж өгч буй юм. Энэхүү багц нь олон улсын техникийн болон чанарын үзүүлэлтийг хангасан “Olympus”, “Karl Storz” фирмийн бүтээгдэхүүн аж. Өөрөөр хэлбэл, манайх эмэгтэйчүүдийн эмчилгээнд анх удаа “Olympus” дуран ашиглах гэж буй нь энэ.
Өндөр хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүдийн мэс заслын 70-80 хувийг дурангаар хийдэг бол манайд 10 хүрэхгүй хувьтай байгаа юм билээ. Орчин үеийн эдгээр тоног төхөөрөмжийг эмнэл зүйн практикт ашигласнаар эмэгтэйчүүдийн мэс заслын чанар, хүртээмж сайжрах аж.
О.БАТ-УНДРАХ