Нийслэлд барилгын ажил эрчимжих болсонтой холбоотойгоор барилгын хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Барилга, инженерийн байгууламжийн ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хогоо хаана хаяж байгааг хэн ч хянадаггүй тул цөөнгүй газарт хогийн цэг үүсгэх нөхцөл болдог аж. Иймээс энэ төрлийн хог боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаагийн илрэл гэж үзэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба санаачлан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран Нарангийн энгэрт боловсруулах үйлдвэр барихаар өнгөрсөн намар шавыг нь тавьсан.
Ажлын явцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Т.Энх-Амгалангаас тодрууллаа.
-2014 онд Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгүүдэд барилгын хог боловсруулах үйлдвэр байгуулахаар хоёр газартай гэрээ байгуулсны дагуу Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо Цагаан даваанд, БНСУ-ын “Эм Эс ресурс” компани Нарангийн энгэрт үйлдвэр барихаар болсон. Дээрх байгууллагууд хуваарийн дагуу тусгай зөвшөөрөл авах, ажилчдадаа техникийн хөдөлмөр, аюулгүй байдлын сургалт явуулах зэргээ гүйцэтгэж байгаа. Зураг төсөл боловсруулах, газар шорооны ажлаа амжуулсан. Ирэх зургаагаас наймдугаар сард ажил эрчимжиж, эхнийхээ үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх боломжтой гэж харж байна.
-Үйлдвэрийг хэчнээн га газарт барих вэ. Гүйцэтгэгчид хэдий хэмжээний хөрөнгө оруулж байгаа бол?
-Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооныхон урд хөршийн технологиор, БНСУ-ын компани улсынхаа технологиор дахин боловсруулах үйлдвэр байгуулах юм. Нарангийн энгэрийн 17, Цагаан давааны зургаан га газарт үйлдвэр барина. Хөрөнгийг аж ахуйн нэгжүүд өөрсдөө гаргаж, үйл ажиллагааг нь өөрсдөө зохион байгуулахаар гэрээнд тусгасан. Нийслэлийн ЗДТГ-ын хувьд газрыг нь 15 жилийн хугацаатай эзэмшүүлж буй. Солонгосын компани 10, хятадын компани нь таван сая ам.долларын өртөгтэй үйлдвэр байгуулна гэсэн. Энэ хоёр үйлдвэр хүчин чадлын хувьд нийслэлд гарч буй барилгын нийт хог хаягдлыг бүгдийг нь боловсруулах боломжтой. Нийт хогны 30-40 хувь нь барилгынх байдаг гэсэн тооцоо бий. Эдгээрийг боловсруулж блок, тоосго, төрөл бүрийн хавтан үйлдвэрлэхээс гадна боловсруулалтаас гарсан хайрга дайргыг замын ажилд ашиглах материал болгох боломжтой юм билээ.
Ч.ЗУЛ