“Эрдэнэт үйлдвэр” ХХК тамирчидтай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж эхэлжээ. Тус үйлдвэр нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, спортоор амжилт гарсан тамирчидтай гэрээ байгуулан, цалинжуулж, “Хангарьд” спорт хорооны нэр дээр тэмцээнд оролцох эрх олгон, гадаад, дотоодын тэмцээнд оролцох зардлыг нь төлдөг байсан юм.
Тэгвэл энэ гэрээгээ одооноос эргэн харж, заалтыг нь өөрчилж байгаа аж. Өмнө нь багш, дасгалжуулагчдын хүсэлтээр тамирчидтай гэрээ байгуулж, амжилтынх нь эрэмбээр цалинжуулдаг байсан бол энэ жилээс тамирчид өөрсдийн гаргасан амжилтаа тус үйлдвэрийн удирдлагуудад танилцуулахаар болж байна.
Үүнийг тусгай комисс хянан, тухайн тамирчинтай гэрээ байгуулах эсэхийг шийдэх аж. Одоогийн байдлаар жүдо, чөлөөт бөх, байт харваа, бокс, туялзуур жад, үндэсний сур, бөхөөр хичээллэдэг 59 тамирчин гэрээ байгуулжээ. Хэрвээ тамирчин амжилтаа ахиулахгүй бол гэрээг цуцлах юм. Өмнө нь гэрээ байгуулсан тамирчид амжилтаа ахиулсан тохиолдолд гэрээг сунгаж буй аж.
Б.БАЙГАЛ