Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага INWES жил бүр Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн чуулга уулзалтыг өөрийн байгууллагын гишүүн нэг оронтойгоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил уг чуулга уулзалтыг ирэх зургадугаар сарын 26-27-нгы өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.
Уг хурал өмнө нь Австрали, Малайз, Тайвань, БНСУ-д зохион байгуулагдаж байсан аж. Монголд болох Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн чуулга уулзалт “Боловсролын шинэчлэл, инноваци” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдах юм байна.
Уулзалтын үеэр боловсролын салбарын тулгамдсан асуудал, уг салбарын шинэчлэлийн асуудлыг олон улс орны эмэгтэй эрдэмтэд хамтран хэлэлцэх нь.
Мөн Монголын шинжлэх ухааны таван салбарын шилдэг эмэгтэй эрдэмтдийг шалгаруулж, алдаршуулахаар төлөвлөжээ. Хөдөө аж ахуй, биотехнологи, Анагаахын шинжлэх ухаан, Техник технологийн салбар, Байгалийн шинжлэх ухаан, Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан гэсэн таван салбарын шилдэг эмэгтэй эрдэмтдийг Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага INWES-ээс шилдгээр зарлан өргөмжилж батламж гардуулах юм. Цаашид хоёр жил тутамд уг шалгаруулалтыг зохион байгуулж байхаар болжээ.
Олон улсын эмэгтэй эрдэмтэд Монголд чуулна