Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талаар Ашигт малтмалын газраас өчигдөр мэдээлэл өглөө. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 6.49 хувь (10.2 сая га талбай)-д сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор болсон. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар эрдсийн хуримтлалтай, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, дуусгавар болсон талбайд дээрх журмаар тусгай зөвшөөрөл олгох юм. Үүний бэлтгэл ажлын хүрээнд эхний 29 талбайд тухайн орон нутгийн удирдлагаас санал авахаар албан тоот хүргүүлжээ. Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Төв, Увс, Хэнтий, Завхан, Дорноговь аймаг дахь тэдгээр 29 талбай нь нийт 195.840 га газрыг хамарч буй гэнэ. Одоогоор орон нутгийн Засаг дарга нараас дэмжсэн санал ирүүлсэн найман талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж байгаа аж. Тэдгээр нь Увс аймгийн Наранбулаг, Өлгий сумдын нутаг 10033.55 га бүхий Баруун хавцал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг 4903.59 га бүхий Чигэртэй-1, Цэнгэл, Улаанхус сумдын нутаг 6438.75 га бүхий Алтай, Толбо сумын нутаг 2393.76 га бүхий Хотгор, Ногооннуур сумын нутаг 2994.04 га бүхий Бахлайн нуруу, Ховд аймгийн Дарви сумын нутаг 1981.15 га бүхий Бумбатын алаг, Булган, Үенч сумдын нутаг 7040.75 га бүхий Улаан дэл болон Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 4811.56 га бүхий Энгэр толгод нэртэй талбай гэнэ. Сонгон шалгаруулалт зарласан талбайн босго үнэ болон бусад мэдээллийг Ашигт малтмалын газар болон цахим хуудаснаас нь авч болох юм байна.
Нэгдүгээр сараас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 742 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлснээс 676 нь VPN төхөөрөмж авчээ. Тэдгээр аж ахуйн нэгжээс энэ сарын 13-ны байдлаар 268 нь системд нэвтрэх эрхээ сунгуулан цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн 691 нь дотоодын, 41 нь гадаадын 100 хувийн, 10 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж.
Энэ сарын 13 хүртэл цахим хэлбэрээр 600 өргөдлийн дугаар олгосноос хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 407 өргөдөл хүлээн авч, газар зүйн шүүлт хийжээ. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 24 тусгай зөвшөөрөл олгосон байна. 193 цахим дугаар авсан аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө өгөөгүй аж. Өргөдөл гаргасан 219 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул Засаг даргын санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн бол 78 талбайд санал авахаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хянаж буй гэнэ. Харин 68 өргөдөл гаргасан талбайн хэлбэр, хэмжээ хуулийн шаардлага хангаагүй, өмнөх өргөдлийн талбайтай давхацсан учраас тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд зургаан удаа сонгон шалгаруулалт явуулжээ. Сонгон шалгаруулалт явуулах боломжтой 88 талбайн давхцалгүй 45-аас 39 талбайд, давхцалтай 43 талбайгаас 11-ийнх нь давхцалыг арилгуулан, босго үнийг баталгаажуулж нийт 50 талбайд сонгон шалгаруулалт зарлаад байгаа аж.
Сонгон шалгаруулалтын дүнд 29 (11 нь талбайн тусгай зөвшөөрөл олгох ажил одоо явагдаж байгаа) талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнээс 24 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниуд шалгарчээ. Харин Чойдог худаг, Могойт зэрэг найман талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан шаардлага хангаагүй учраас Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлсэн байна.
Ц.Болор