Засгийн газраас Аж үйлдвэрийн яам байгуулан үйлдвэржилтийг дэмжих чиглэлд анхаарч, УИХ-аар төрөөс аж үйлдвэржилтийн талаар баримтлах бодлого, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн билээ.
МҮХАҮТ нь бизнесийн орчинг сайжруулах, хууль эрх зүйн таатай орчин нөхцөл бий болгох, үйлдвэржилтийг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд өмнө нь монгол орны үйлдвэржилтийн газрын зургийг анх гаргаж байсан.
Төрөөс үйлдвэржилтийн чиглэлд баримталж буй бодлого авч хэрэгжүүлэх үйл ажиллагаатай танхим уялдан ажиллахаар уг Үйлдвэржилтийн газрын зургийг шинэчлэн гаргах, орон нутагт ЖДҮ-ийг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг оновчтой, төр хувийн хэвшлийн хэлцлийн үндсэн дээр төлөвлөх, үндэсний шилдэг бараа бүтээгдэхүүн, брэндүүдийг бий болгон өргөжүүлэх, үйлдвэржилтийн талаарх төрийн бодлого, төлөвлөгөө, хуулиудад бизнес эрхлэгчдийн санал, бодлыг оруулах, тусгах зорилтын үүднээс “Үндэсний хэлэлцүүлэг” –ийг өнөөдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 19-нд үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг тухайн орон нутаг дахь МҮХАҮТ-ын салбар танхимууд удирдан явуулж байгаа бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй ААН-үүд, ЖДҮ эрхлэгчид оролцож байна. Мөн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд орон нутаг дахь засаг захиргааны байгууллагын төлөөллүүд дэмжлэг үзүүлж байна.