Энэ оны наймдугаар сард Бразилын Сан Паулуд болох Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнд манай улс анх удаагаа есөн мэргэжлээр оролцох гэж буй. Өнөөдөр Барилгын политехникийн коллежийн байранд болж өндөрлөсөн гурван мэргэжлийн шалгаруулалтын дүн гарчээ. Өрөг угсралтаар Барилгын политехник коллежийн оюутан Жаргалсайханы Энхчимэг 24.9 оноогоор, хавтанцар наах төрөлд Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн оюутан Бат-Эрдэнийн Мөнгөншагай 93, токарийн мэргэжлээр Барилгын политехник коллежийн оюутан Хадаагийн Лхагва 35 оноогоор тус тус түрүүлж, Дэлхийн ур чадварын олимпод Монголыг төлөөлөн оролцох эрхээ гардлаа. Тэднээс насаар хамгийн бага нь токарийн төрөлд шалгарсан Х.Лхагва бөгөөд тэрбээр 17 ч хүрээгүй байгаа гэнэ. Харин Ж.Энхчимэг 18-тай, Б.Мөнгөншагай 20 настай.