“Оюутолгой” компани шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлснийг Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компаниас мэдээллээ. Тус компани ТЭЗҮ-дээ таван жил тутам тодотгол хийж байх үүрэгтэй бөгөөд энэ дагуу өнгөрсөн есдүгээр сард ТУЗ-дөө танилцуулж байсан юм. “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганболд “Хөрөнгө оруулагч талтай зөвшилцөн далд уурхайн шинэчилсэн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн. Нэмэлт судалгаан дээр түшиглэн ТЭЗҮ-ийг илүү нарийвчилсан байгаа” хэмээн саяхан хэвлэлд ярьсан байна.
Харин Хувь нийлүүлэгчдийн хоорондын маргаан шийдэгдсэн үед ТЭЗҮ-ийг дахин шинэчилж хүлээлгэн өгөх боломжтой гэж “Turquoise Hill Resources” мэдэгджээ. Шинэчилсэн ТЭЗҮ-д далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх хугацааг дурдаагүй байна. “Turquoise Hill Resources”, “Rio Tinto” болон Монгол Улсын Засгийн газар маргаантай асуудлууд болон хоёр дахь шатны бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэхээр ажиллаж байгаа гэдгийг онцолжээ.
Ц.Болор