Улсын ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж иргэдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл, Улсын ерөнхий прокурорын А/12, 32, 35, 229 тоот тушаалаар баталсан зааварт нэмэлт өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын мониторингийн үйл ажиллагааг шинэчлэх, Прокурорын байгууллагын үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцжээ.Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 18-нд хуулийн байгууллагуудын удирдлагатай уулзахдаа иргэдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үйл ажиллагааг Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэдийн үндсэн эрхийг эдлүүлэхтэй холбоотойгоор шуурхай, түвэг бэрхшээлгүй явуулж байх талаар үүрэг болгосон. Прокурорын байгууллага энэ үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн тавдугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар өмнөх Улсын ерөнхий прокуроруудын гаргасан тушаал болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.Прокурорын хяналтын ажлын шат дамжлагыг багасгах, иргэдээс прокурорын байгууллагад гаргаж байгаа өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж байх шаардлагыг харгалзан хуульд заасан дээд шатны прокурор гэдэг ойлголтыг нэг мөр цэгцлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын А/12, 32, 35, 229 тоот тушаалаар батлагдсан зааварт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг мөн ажлын хэсэг байгуулж, нарийвчлан судалж санал дүгнэлт гаргаж дахин танилцуулахыг Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбатад үүрэг болголоо.Монгол Улсад прокурорын байгууллага 1930 оны наймдугаар сард байгуулагдсан бөгөөд энэ жил 85 жил нь тохиож буйтай холбогдуулан, ойг угтаж хийх ажлын төлөвлөгөө гаргахаар боллоо.