Монгол Улсын Засгийн газрын энэ оны 12 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 90, 111 дүгээр тогтоолоор Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэсэн. Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй энэ байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор Ерөнхий сайд шийдвэрлэн, ажлын хэсэг байгуулсан ч Соёл, спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан уг барилгад эмнэлэг оруулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан билээ. Үүний дараа хүүхдийн эмнэлэг болгох бэлэн барилга хайж, Зам тээврийн яам, ШУА-ийн харьяа зарим хүрээлэнгийн байрыг судалсан ч бүтэлтэй юм болоогүй. Тиймээс Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн саналд тулгуурлан, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны барилгыг дуудлагаар зарж, олсон мөнгөөр нь 150 ортой Хүүхдийн төв эмнэлэг байгуулахаар шийдсэнийг эргэн сануулъя.
Үүнийг сануулахын учир нь уг барилгыг худалдах дуудлага худалдаа өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд боллоо. Дуудлагын худалдаанд гурван оролцогч оролцсоноос ХААН банк итгэмжлэгдсэн төлөөлөгч хамгийн өндөр үнэ хэлж, Засгийн газрын X байрыг худалдан авав. Нээлттэй дуудлага худалдааны анхны үнийг 5.941.400.000 (Таван тэрбум есөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу) төгрөгөөс дуудаж, 6.715.850.000 (Зургаан тэрбум долоон зуун арван таван сая найман зуун тавин мянга) төгрөгт хүрсэн юм. Энэ нь анхны үнэ дээр 774.450 мянган төгрөг нэмэгдсэн гэсэн үг.
Ямартай ч мөнгөтэй болсон тул хүүхдийн эмнэлгээ хурдан бариасай гэж залбирах л үлдлээ. Яармаг дахь эх, хүүхдийн эмнэлгийн зориулалтаар барьж байгаад орхисон барилгыг гүйцээн ашиглалтад оруулах, албан тасалгаа болгож зүсийг нь буруулсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг буцаан эмнэлэг болгож засах шаардлагатай байгаа.