“Newcom” группийн охин компани “Clean Energy Asia” Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ирэх оноос 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар төлөвлөжээ. Энэхүү салхин цахилгаан станцын хөрөнгө оруулагч нь Японы томоохон “SoftBank” бөгөөд JAICA болон олон улсын томоохон санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахаар төлөвлөж буй юм байна. Энэхүү төсөлд санхүүжилт олгох сонирхолтой гэдгээ Европын сэргээн босголт, хөгжлийн банк мэдэгджээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 100 гаруй сая ам.доллар байх тооцоо гарсан байна. Цогтцэцийд үйлдвэрлэсэн эрчим хүчийг Төвийн бүсийн системд нийлүүлэх бөгөөд цахилгаан худалдан авах гэрээг Засгийн газартай байгуулсан гэнэ. Энэ талаар тус группийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуяг “Цогтцэций суманд барих станцын ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Одоогоор санхүүжилтийн талаар ярьж байгаа” гэв. “Newcom” группийнхэн тус суманд 2008 оноос хойш судалгаа хийж буй бөгөөд салхины хурд хангалттай, байгууламж барихад тохиромжтой хэмээн дүгнэжээ.
Тус групп Хүрмэн, Булган, Цогтцэций суманд 230.000 гаруй га газарт салхинаас гадна нарнаас эрчим хүч гарган авах судалгаа хийж байгаа аж. Хүрмэн суманд барих салхин цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн төдийгүй алсдаа нарны цахилгаан станц барихаар зорьж буй гэнэ.
Улмаар Зүүн хойд Азийн орнуудын хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа “Азийн супер сүлжээ” санаачилгын хүрээнд сэргээгдэх эх үүсвэрээс гарган авсан эрчим хүчийг БНХАУ, Япон, БНСУ-д экспортлох зорилт тавьжээ. Дашрамд дурдахад, “Newcom” группийн бас нэг охин компани “Clean Energy” Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 мВт-ын хүчин чадалтай Салхитын цахилгаан станц барьсан туршлагатай юм.
Ц.БОЛОРМАА