Жил бүр өдийд өрнүүлдэг Дэлхийн давсны долоо хоног эхэллээ. Өнөө жилийн эл арга хэмжээг дэлхийн хүмүүст давс хэтрүүлэн хэрэглэхийн хор уршгийг ойлгуулж, багаас нь давс бага хэрэглэж хэвшүүлэхэд чиглүүлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас “Давс ба хүүхэд” уриалга гаргажээ. Хүүхдүүд шарж ууталсан төмс (чипс), лаазалсан самар гэх мэт хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан давсыг насанд хүрэгчдээс дутахааргүй их хэрэглэх хандлагатай байгаа аж. Тиймээс ДЭМБ энэ аюулыг хүмүүст сэрэмжлүүлж байна. Давс их хэрэглэснээр цусны даралт ихсэх, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа, ходоодны хавдар үүсэх, хэт таргалах, амьсгалын замын өвчин тусах эрсдэлтэй. Иймээс хүүхдийнхээ хоол, цайг багаас нь давсгүй бэлтгэн өгч дасгахыг ДЭМБ зөвлөв. Давс ихтэй хоол идэж хэвшсэн бол өдрөөс өдөрт давсыг нь багасгах нь зөв гэнэ.
2013 онд Австрали улс иргэдийнхээ давсны хэрэглээг 30 хувиар, зүрх, судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнөөр нас барагсдын тоог 25 хувиар цөөлөх зорилт тавьсан нь үр дүнгээ өгч эхэлсэн байна. Хэдэн настай хүүхэд хоногт дээд тал нь хэр их давс хэрэглэж болохыг Австралийн Анагаах ухаан, эрүүл мэнд судлалын үндэсний зөвлөл ийн зөвлөжээ.
Насны бүлэг давсны хэмжээ, хоногт граммаар
2-3 2.5
4-8 3.5
9-13 5
14-18 5.75