Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн багш нар уржигдраас дахин ажил хаяжээ. Дахиад гэсний учир нь тэд гуравдугаар сарын 10-нд гэнэт ажил хаяж, “тодорхойгүй хугацаагаар” гэдэг үгээрээ нийслэлийн Боловсролын газрынхныг бажгадуулсан билээ. Тэгэхэд “Та нарт багш хүний үүрэг гэж нэг юм бий. Түмний хүүхдийг битгий хохироогооч” гэж гуйх, аргадах хослуулсны эцэст багш нараар ажлыг нь хийлгэж дөнгүүлсэн юм. Харин энэ удаа багш нарын сэтгэлийг тийм ч амархан эргүүлчихгүй гэдэг нь сурвалжлага хийх явцад анзаарагдаж байв. Ардын хэмээх сайхан тодотголтой багш нар өөрсдийгөө түмний хүүхдийн эрх ашгаас дээгүүр тавих болсны учир нь ердөө л тус сургуулийн захирал асан Ш.Сарантуяаг эргүүлэн албан тушаалд нь томилох шийдвэрээс үүдэлтэй гэнэ. Ш.Сарантуяа 2010-2013 онд 62 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан аж. Тэр хооронд хамт олныг хагалан бутаргах үйлдэл удаа дараа хийж, хов живээр ажлаа явуулан, багш, ажилчдад үндэслэлгүйгээр хариуцлага тооцдог байсан учраас түүнийг дахиад сургуульдаа ирэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дүүрэг, нийслэлийн Боловсролын газрынханд мэдэгджээ.
Нийслэлийн Боловсролын газраас 2014 оны эхээр зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудын сонгон шалгаруулалтад Ш.Сарантуяа одоогийн захирал А.Батжаргалд ялагдаж, ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Гэхдээ тэрбээр сонгон шалгаруулалтыг шударга бус болсон гэж үзээд хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд улмаар гурван шатны шүүхийн шийдвэр түүний талд гарсан аж. Тийнхүү энэ сарын 13-нд ажил хүлээлцэхээр ирж, тамгаа гардах сургаар тус сургуульд бужигнаан үүсчээ. Биднийг 12.20 цагт тэнд очиход хичээлийн А байрны үүдний хонгилд дөрөв, таван урт эгнээ болгоод сандал засчихсан, багш, ажилтнууд эгээтэй л хурал цуглаанд оролцож байгаа аятай идэвхийлэн сууцгааж байв. Биднийг харангуутаа “Та нар телевизийн сэтгүүлчид үү, сониных уу. Манайхаан, хэвлэлийнхэн ярилцлага авах гэж байна шүү. Гадаа байгаа хүмүүсээ дуудаарай. Хойгуур сууж байгаа хүмүүс урагшаа ирээд сандал дүүргээдэх” гэх мэтчилэн дуу шуу болцгоох нь “Муу эр дайнд хөөрнө” гэдэг шиг санагдсаныг нуух юун.
“Ш.Сарантуяа захирал эмэгтэй багш, ажилчид амаржаад ажилдаа орох гэхээр янз бүрийн байцаалт авч, өргөдөл хүртэл бичүүлдэг. Ер нь сул орон тоо гарангуут гаднаас өөр хүн авч ажиллуулах сонирхолтой” гэж нэг эмэгтэй алтан хошуу өргөв. Тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Болормаа “Анги танхим хүрэлцээгүй учраас хүүхэд хөгжүүлэх боломж алга” гэж Ш.Сарантуяа захирал үргэлж хэлдэг байсан ч үнэндээ сэтгэл байвал боломж үргэлж гарч ирдгийг манай одоогийн захирал харуулсан. А.Батжаргал захирал дотоод нөөц боломжоо ашиглан сургуульдаа шатар, бүжиг, теннисийн дугуйлан хичээллүүлж эхэлснээр манай хүүхдүүд дүүрэгтээ тэргүүлж, улсад шалгаран оролцох гэж байна. Хүүхдүүдийн төлөө биш, хамт олны эрх ашгийг бус өөрийнхийгөө нэгдүгээрт тавьдаг ийм хүнтэй бид хамтарч ажиллах боломжгүй. Тиймээс манай хамт олон Ш.Сарантуяа захирлыг огцруулах албан шаардлагаа дөрвөн газарт хүргүүлсэн. Холбогдох дээд байгууллагууд багш, ажилчдын албан бичигт тодорхой хариу өгөхөөс нааш бид ажил хаялтаа зогсоохгүй” хэмээв. Биднийг ийн ярилцаж байх зуур XII ангийн хүүхдүүд монгол хэлний давтлага авахаар орж ирцгээв. Маргааш улсын шалгалттай учраас эрхбиш тэднийг сургууль руу нэвтрүүлсэн нь энэ. Түүнээс биш сургуулийн А байр луу нэг ч хүүхэд, эцэг, эхийг оруулахгүй, үүдэн дээр нь “манаач” гаргасан байлаа. Дөрөвдүгээр ангид сурдаг ач хүүгээ сургуульд нь хүргэхээр ирсэн эмээ нэлээд уцаарлангуй хаалга саваад гарахтай таарав.
Тэрбээр “Наймдугаар ангийн ач охин маань “Өглөө хичээлгүй гэнэ ээ” гээд ирэхээр нь хүүгээ гэртээ байлгаж байтал түрүүн багш нь утасдаад “Хичээл орно шүү” гэсэн юм. Тэгээд дагуулаад иртэл одоо эд нь хичээл орохгүй гээд байх юм. Хаашаа янзын тоглоомтой багш нар вэ” гэхээс өөр олон юм хэлсэнгүй. Учир нь хоёр ачийнх нь багш нар хоёр талд хуваагдчихсан учраас хэн нэгнийг нь буруутгаад ярьчихвал хүүхдүүдийг нь адлах вий гэж эмээснийх. Хамгийн инээдтэй нь тус сургуулийн багш, ажилчид шинэ, хуучин захирлаа дагаад хоёр талцчихсан үзэж тараад байгаа юм билээ. Тус сургууль 3000-аад сурагчтай, 162 багш, ажилчинтай, гурван ээлжээр хичээллэдэг. Биднийг очих үед хичээлийн Б байранд нэгдүгээр ангийн таван бүлэг хичээллэж байгаа нь Ш.Сарантуяа захирлын талынхан гэнэ. Өглөө нэгдүгээр ээлжинд долоон бүлэг хичээллэсэн, үдээс хойш гуравдугаар ээлжинд мөн тооны хүүхэд хичээлдээ сууна гэдгийг “хэргийн эзэн” Ш.Сарантуяа захирал хэлэв. Түүний хэлснээр бол ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн 80 гаруй багшийн гарын үсэгтэй цаас өөрт нь байгаа ч “Хамт олноо дагаарай” гэдэг Үйлдвэрчний эвлэлийн даргын үгэнд автаад хичээлээ заах аргагүйд хүрсэн олон хүн бий гэнэ.
“Нөгөө “хэргийн эзэн” А.Батжаргал захирал нь харин ойролцоох байрнаас өөрийнхөө талын багш, ажилтнуудыг утсаар удирдаад сууж буй гэнэ. Албан тушаалын төлөөх хэнээтнүүд хаа сайгүй газар авсны жишээ энэ. Нэг сургуулийн захирлын суудлын төлөө ардын багш нараа уруу татан, хоёр “арми” бүрдүүлчихээд тэднийг ийн тэмцэлдэж байх хооронд хүүхдүүд хохирох ёсгүй. Нийслэлийн боловсролын газар, салбарын яам нь энэ мэтийн явган хэрүүлийг анхааралдаа авч, тогоондоо дарахгүй бол арай л хэтрэх нь. Үнэхээр болохгүй байгаа юм бол тэр хоёр захирлыг хоёуланг нь огцруулаад, өөр хүн шинээр томилсон ч болохгүй гэх газаргүй шүү дээ. Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатаас энэ талаар тодруулахад “Бид одоо тус сургуулийнхантай уулзахаар явж байна. Асуудлыг нааштайгаар шийдэх гарцыг хамтдаа хайя. Тэр болтол ажил хаяхаа түр зогсоогооч” гэж ярилцана” гэв. Тэднийг гуйлаа гээд өнөөдүүл нь ажил хаяхаа зогсоох юу л бол. Юутай ч энэ асуудлыг хурдан нэг тийш шийдэхгүй бол үнэхээр хэцүү байгааг бага ангийн хүүхдүүдээ дагуулж ирсэн ээжүүд хэлцгээж байв. Өчигдөр нэгнийх нь хүүхэд гэртээ их оройтож харьсан гэнэ. Хичээл орох, үгүй нь тодорхойгүй байгаа энэ үеийг далимдуулаад хүүхдүүд наад зах нь гадуур сэлгүүцэх, цаашлаад хэрэг түвэгт орооцолдож, осолдож, гэмтэх вий гэж санаа зовох тэдний түмэн зөв билээ.
Л.ГАНЧИМЭГ