Усаа зүй зохистой ашиглах, хэмнэх зорилгоор орон сууцны айлуудад тоолуур тавьж буй. Түүнчлэн саарал ус нэвтрүүлэх талаар олон жил ярихаас хэтэрсэнгүй. Дээрх асуудлуудтай холбоотойгоор УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ц.Баянзулаас зарим зүйл тодрууллаа.
-Одоогоор хэчнээн айлд тоолууртавиад байна вэ?
-1999 оноос хойш үүнийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өдгөө Ус сувгийн удирдах газар төвийн цэвэр, бохир усны шугамнаас холболттой 4500 орчим хэрэглэгчтэй аж ахуйн гэрээтэй ажилладаг. Эдгээр хэрэглэгч 100 хувь тоолууртай болсон. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа орон сууцны хувьд энэ ажил 2015 оны хоёрдугаар сарын байдлаар 65 хувьтай байна. Энэ жил үүнийгээ 70 хувьд хүргэхээр төлөвлөсөн.
-Тоолуур тавьснаар хэдий хэр ус хэмнэж байна вэ?
-Ажил 50 хувьтай байх үед нэг хүний хоногийн хэрэглээ 420 литр байв. Харин гэрээт хэрэглэгчид маань 100, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дамжин хэрэглэглэгчдийн 65 хувийг хамруулснаар нэг хүний хоногийн хэрэглээ 165 литр болж 255 литрээр буурсан.
-Манайхан саарал ус хэрэглэх талаар олон жил ярьж буй. Гэвч авто машин угаалгын газрууд цэвэр усыг хэдэн зуун литрээр нь ашиглаж, жорлондоо цэвэр ус татсан хэвээр л байна. Энэ тал дээр дорвитой арга хэмжээ авсан, гаднын туршлагаас судалсан зүйл бий юү?
-Манай байгууллагын хувьд Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт авто машин угаалгын газруудыг ашигласан усаа дахин ашиглах технологийг нэвтрүүлэх тухай тусгасан байдаг. Тиймээс ч төв шугамаас холболттой авто машин угаалгын газруудад ашигласан усаа дахин ашиглах технологи нэвтр үүлэх бодлогыг баримталж буй. Энэ ажлынхаа хүрээнд өнгөрсөн нэгд үгээр сард 86 авто машин угаалгын газарт ирэх зургадугаар сарын нэгэн гэхэд цэвэрлэсэн усаа эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх шаардлага хүргүүлсэн. Одоогийн байдлаар ганц л газар энэ технологийг ашигладаг.
Д.БАТСҮРЭН