Дорнод аймгийн төв Чойбалсан хотын “Тусгаар тогтнолын талбай”-д Монгол Улсын Өрлөг жанжин, хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн морьт хөшөөг босгохоор боллоо. Хөшөө босгох саналыг өнгөрсөн оны сүүлээр “Тал нутгийн хөгжлийн төв” Төрийн бус байгууллагынхан гаргаж, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатарт хүргүүлснээр саяхан болсон аймгийн ИТХ хуралдаан ийн эцэслэн шийдвэрлэв.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 44 дүгээр хурлаас Баянтүмэн хотыг Маршалын нэрээр нэрлэх нь ач холбогдолтой хэмээн үзэж, Ардын хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан 1941 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянтүмэн хотыг Чойбалсан хот хэмээн нэрийдсэн түүхтэй. Маршалын хөшөөг анх 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Монгол Улсын Их Сургуулийн урд байрлуулж, дараа жил нь буюу 1947 онд Дорнод аймгийн хуучнаар Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа буюу одоогийн аймгийн Музейн урд талбайд босгосон гэдэг.
Түүнээс хойш Маршалын мэндэлсний 110 жилийн ойгоор түүний төрсөн нутаг Чойбалсан суманд хөшөө босгож, энэ жил маршалын мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний морьт хөшөөг ийн босгохоор болов. Энэ нь Дорнод нутгаас төрсөн Монгол Улсын цорын ганц Маршалаа алдаршуулах, Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглан, бэхжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэх, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд манлайлан оролцсон баатарлаг түүх, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үе, залуучууддаа мэдрүүлэх, тэдэнд зөв ойлголт төрүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой юм.
Хөшөөний нийт өндөр суурьтайгаа 6 метр, суурийн хоёр талд Ардын хувьсгалын анхны долоогийн хурал хийж байгаа зураг, нөгөө талд нь Халхын голын дайны түүхэн ялалтыг харуулсан зураг, урд талд нь “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг Та нарт үлдээв. Х.Чойбалсан” гэсэн үг өгүүлбэрийг товойлгон дүрслэх ажээ. 1939 оны Халхын голын байлдааны ялалтын парад хүлээн авч байсан түүхэн фото зургаар нь хөшөөний макетыг хийж энэ фото зурагт Маршал Будённы бэлэглэсэн тоомсог морьтой байсныг иргэдээс гарсан саналын дагуу Монгол морьтой байхаар засварлажээ.
Хөшөөний нийт зардлыг хиймэл чулуугаар урьдчилан тооцож үзэхэд 98 сая төгрөг болж байна. Үүнд суурийн цутгалт ороогүй. Аймаг орны эдийн засгийн байдал хүнд байгаа өнөөгийн нөхцөлд Морьт хөшөөг ард олны хандиваар босгохоор боллоо.