АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ өсгөхөө алгуурлахаа мэдэгдэж, ам.долларын ханш суларсан нь алтны үнэ нэмэгдэхэд хүргэв. Сингапурын биржид гэхэд уг үнэт металлын ханш 0.2 хувиар өсөж унци нь 1188.04 ам.доллартай тэнцэх болсныг “Bloomberg” уламжлав. Өнгөрсөн лхагва гаригт тэнд алтны ханш мөн л 0.6 хувиар өсөөд байжээ. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен “Бодлого боловсруулагчид эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарахыг хүсэж байгаа” хэмээн ярьжээ.
Өчигдөр Нью-Йоркийн “Comex” биржид наймдугаар сард худалдан авах шаргал металлын ханш 0.9 хувиар дээшилснээр унци нь 1187 ам.доллартай тэнцэв. Мөн Шанхайн биржид уг таваарын үнэ дээрх хувиар өсөж нэг грамм нь 237.45 юань (унци нь 1189.43 “ногоон”)-тай дүйсэн нь энэ сар гарснаас хойших хамгийн өндөр дүн болжээ. Сингапур дахь “Phillip Futures Pte” компанийн хөрөнгө оруулалтын шинжээч Хоуи Ли “Ойрын хугацаанд унци алтны үнэ 1200 ам.долларт хүрэхийг үгүйсгэхгүй. Ирэх есдүгээр сард АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ өсгөж магадгүй” хэмээн ярьсан байна. Өчигдөр Лондоны металлын биржид унци алт 1178 “ногоон”-оор үнэлэгдэж байв.
Ц.Болор