Өнгөрсөн сарын 15-наас эхлэн улсын хэмжээнд 0-5 насны 300 гаруй мянган хүүхдийг улаанбурхны нэмэлт дархлаажуулалтад хамруулж буй. 371.971 хүүхэд хамрагдахаас өдгөө 342.884 нь вакцин хийлгээд байна. Харамсалтай нь 20 хүүхдийг давхардуулж тарьсан ноцтой зөрчил гарчээ. Учир шалтгааныг нь тогтоохоор ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба судлан, хоёр удаа вакцин тариулсан хүүхдүүдийн эцэг эхэд зөвлөгөө өгч байгаа гэх. Энэ талаар тус албаны тархвар судлаач, их эмч Ч.Уртнасангаас тодруулахад “Хүүхдүүдэд одоогоор ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрээгүй байна. Бүгдийг нь эмчийн хяналтад байлгаж байгаа.
Хоёр удаа вакцин тариулсан тохиолдолд улаанбурхны дархлаа тогтохгүй байх магадлалтай. Вакцин хийлгэсэн хүүхдэд хуруунд нь тодоос тод тэмдэг тавьчихсан байхад эмч нар түүнийг нь анзаараагүй байна. Гэр, цэцэрлэг дээр нь хүүхдүүдийг вакцинжуулахдаа ийм явдал гаргасан” гэж ярив. Түүнээс гадна дархлаажуулалтад хамрагдсан 0-5 насны нийт хүүхдийн 46-д нь вакцины урвал явагджээ.
Тэдний 21-д нь хөнгөн, 24-т нь дунд, нэг хүүхдэд урвал хүчтэй илэрсэн тул бие нь хүнд байгаа гэнэ. ХӨСҮТ-ийнхөн “Вакцин хийлгэсэн хүүхдийн хуруун дээр тэмдэглэгээ хийх тул андуурч, дахин тарих эрсдэлгүй. Дархлаажуулалтын эмч нар вакцин хийхдээ тухайн хүүхдийн аль нэг хуруунд тэмдэглэгээ хийсэн, эсэхийг заавал шалгана” гэж хэлж байсан ч тэд алдаа гаргачихлаа. Бүр 20 хүүхдэд шүү. Одоогоор хүүхдүүдийн биед ямар нэгэн сөрөг урвал илрээгүй ч ирээдүйд юу тохиолдохыг таашгүй. Вакцин давхардуулж тариад хүүхдүүдийг гар, хөл, хэл амгүй болгосон жишээ олон бийг санахад илүүдэхгүй.
О.БАТ-УНДРАХ