УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. 50 тонн алтны нөөцтэй уг ордод төр 34 хувь эзэмших, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-ийг гурван хувиар тооцож авах гэсэн хоёр хувилбарыг Ажлын хэсгээс санал болгоод буй юм. Тэд үнэндээ хоёр дахь хувилбарыг илүүд үзжээ. Тэнд нийт есөн жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулахаар төлөвлөсөн. Мөн нийт 1.8 тэрбум долларын борлуулалт хийж, үйл ажиллагааны зардалд тэрбум доллар зарцуулах аж. Хөрөнгө оруулалтын зардал нь 250 сая доллар. Энэ ордоос төр 70 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг авах гэнэ.
Гишүүдийн санаа зовж, олон нийтийн зүгээс шүүмжилж буй нэг зүйл бол уг ордыг ашиглавал Хүннүгийн үеийн булш, хөшөө дурсгал хадгалагдаж буй Ноён уулыг хөндөх үү гэдэг асуудал. Өмнө нь уг ордыг стратегийнх болгох, эсэхийг хэлэлцэх үеэр ч энэ талаар хөндөж, улмаар БСШУ-ы дэд сайд Л.Тулгаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Тэд ашиглалтын талбайд булш, хөшөө дурсгал байгаа эсэхийг, мөн геологи, археологи, палентеологийн судалгаа хийлгэсэн юм байна. Ингэхэд шинээр есөн булш олсны тав нь Гацууртын ордын ашиглалтын талбайд 20-30 метрийн зайтай байжээ. Мөн арслан заан, буга гөрөөс зэрэг эртний амьтдын яс байгааг тогтоосон гэнэ.
Цэвдгийн тухайд илүү нарийвчилж судлах шаардлагатай гэсэн байна. Асуудалд гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандав. Д.Дэмбэрэл: -Төрийг, яамыг хөрөнгө оруулагч тал залилаад байгаа юм биш үү. Өмнө нь уг ордын 20 хувийг ямар ч хүүгүй эзэмшүүлье гэж байснаа одоо хүүг нь төлөөд 34 хувиа эзэмш гэж байна. Манай ажлын хэсгийнхний чадвар уу байна уу, улстөрчид шахаанд оров уу. Төр хяналт тавих эрхээ эдлэх гэж л 34 хувийг эзэмших гэж буй. Гэтэл АМНАТТ аваад хянах эрхээ алдах нь. Монголын төрд харийнхны эрх ашгийг гүйцэтгэх зорилготой үл үзэгдэх аппарат ажиллаад эхэлжээ. Бид “Бороо гоулд”-д ямар өртэй болоод ингэж шахуулаад байгаа юм. Ер нь ийм ёс зүйгүй хүмүүстэй заавал хамтрах хэрэг байна уу.
Р.Жигжид (Уул уурхайн сайд): -Анх ярихдаа 20 хувь эзэмших бол хүүгүй, 34 бол тодорхой хүүтэй байна гэсэн юм. Дараа нь Ашигт малтмалын хуульд өөрчлөлт ороод 34 хувь эзэмших, эсвэл АМНАТТ авах болсон. Тэд 1.7 хувиар уг төлбөрийг тооцох санал тавьсан ч нэлээд хэлэлцээ хийж байж гурван хувь болгосон.
Ц.Даваасүрэн: -34 хувь эзэмшсэнээс роялти авсан нь ашигтай гээд байх юм. Төрийн эзэмших хувийг 51 болгохын тулд л та сайд хийж байгаа.
Р.Жигжид: -Хуульд хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод төр 34 хүртэл хувь эзэмшихээр заасан. Тиймээс энэ бол хамгийн дээд хэмжээ. Мэдээж би төр ахиухан хувь эзэмшээсэй гэж хүсэх ч хуулиар боломжгүй.
Ц.Даваасүрэн: -Хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барих эрх нь Засгийн газарт байгаа биз дээ.
Х.Болорчулуун: -Өмнө нь “Бороо гоулд” манай 56 тонн алтыг ямар ч татвар төлөхгүйгээр аваад гарсан, нөхөн сэргээлт ч хийгээгүй. Одоо Гацууртыг авахаар улстөрчдийг лообийдож байна. Г.Баярсайхан бид нар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл санаачилсан байгаа.
Р.Жигжид: -Уг компани 2003-2014 он дуустал 55.8 тонн алт олборлосон. Татвар, хураамжид нийт нэг их наяд төгрөг төлсөн байна. Нөхөн сэргээлтээ ч хийсэн. Одоо уурхайн нүх үлдсэн. Нөхөн сэргээж болдоггүй, судалгааны зорилгоор ашигладаг юм билээ. Энэ мэтээр гишүүд асуулт, санал хэлсний дараа санал хураахад олонх дэмжсэнгүй. Ингээд Гацууртад төр хувь эзэмшихтэй холбоотой асуудал хоёр дахиа Засгийн газарт буцав.
С.ТУУЛ