Дархан-Уул аймгийн Шарын гол суманд үйл ажиллагаа явуулдаг “Шарын гол” ХК нүүрс угаах үйлдвэртэй боллоо. Энэ сарын 17-нд үүдийг нь нээсэн уг үйлдвэр жилд 600 мянган тонн түүхий нүүрс боловсруулж, 400 мянган тонн угаасан нүүрс гаргах хүчин чадалтай. Угаах үед түүхий нүүрсний 20 хувь нь чулуу, шавар зэрэг хаягдал болдог агаад нунтаг болон бүхэл нүүрс, хаягдал нь гурван тийш ангилагддаг аж.
Нунтаг нүүрсийг дулааны цахилгаан станцууд эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг тул худалдах боломжтой. Ийн нүүрсээ угааснаар тус компани дотоодын хэрэглэгчдэд чанартай нүүрс нийлүүлэхээс гадна гадаадад гаргах боломж бүрдэж байгаа юм. “Шарын гол” ХК ингэж нэмүү өртөг шингээсэн нүүрснийхээ үнийг багахан хувиар нэмэх бололтой. Гэхдээ сайн нүүрс хэрэглэснээр хэрэглэгчдийн зардал багасна гэж тэд тооцжээ.
Тоног төхөөрөмж тээвэрлэх, суурилуулах зэрэг бусад зардлыг тооцолгүйгээр зөвхөн нүүрс угаах үйлдвэр барихад дөрвөн сая ам.доллар зарцуулжээ. Шарын голын уурхай 194 сая тонн нүүрсний нөөцтэй. Жилд нэг сая тонн нүүрс олборлодог тус компани уурхайдаа хоёр дахь ам нээхээр ажиллаж байгаа гэнэ.
Учир нь эднийх нүүрс угаах үйлдвэрийнхээ хүчин чадлыг ойрын үед нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Дашрамд тэмдэглэхэд, Дарханы дулааны цахилгаан станцын есөн зуухны зургаа нь Шарын голын нүүрс шатаах зориулалттай.
Б.БАЙГАЛ