Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар Даланзадгадын нэгэн дэлгүүрээс үхсэн тэмээний 238 килограмм мах хурааж авчээ. “Булган суманд болсон гамшигт өртөж үхсэн тэмээний мах зарж байна” гэсэн иргэний мэдээллийн мөрөөр уг шалгалтыг хийсэн аж. Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт энэ сарын 9, 10-ны өдөр салхи түр зуур секундэд 20-25 метр хүчтэй салхилан, дуу, цахилгаантай аадар бороо, тэмээний хорголын чинээ мөндөр орсон юм. Үүний улмаас үер бууж, 50 малчны 5232 толгой хонь, ямаа шуурганд уруудсаны 3440 орчим нь хорогдсон. Энэ үеэр Булган, Мандал-Овоо суманд арваад тэмээ осгосон аж. Байгалийн энэхүү гамшигт өртөж үхсэн малынхаа махыг малчид аймгийн төв, Улаанбаатарт авчран борлуулж болзошгүй тул худалдагч нараас гарал үүсэл, эрүүл ахуй ариун цэврийн шинжилгээний бичгийг нь заавал шаардан үзэхийг иргэдэд зөвлөж байна.