Монголын залуучуудын холбоо, "Залуу дугуйчин" клуб, Авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, "Найс байк клуб", “Cаnnondale”, “Atilla”, "Trek" дэлгүүр болон бусад 20 гаруй байгууллага хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд МЗХ болон “Трек” дугуйн дэлгүүр хамтран өнгөрсөн тавдугаар сараас “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүний хүрээнд их, дээд сургууль, төр, хувийн хэвшлийн бүх байгууллагыг гаднаа дугуйн зогсоол байгуулахыг уриалж буй. МЗХ, "Trek" дэлгүүр олон улсын стандартад нийцсэн, унадаг дугуйн 10 төрлийн зогсоолын зураг төсөл боловсруулсан байна. Эл зураг төслөө 500 орчим байгууллагад санал болгон илгээхээс 300 гаруйд нь хүргэж өгчээ. Одоогоор ХААН банк, МУИС, ШУТИС дэмжихээ мэдэгдээд буй аж.
Дашрамд сонирхуулахад, унадаг дугуй унахад тулгамдаж байгаа асуудлуудыг МЗХ санал асуулгаар тодруулахад зориулалтын зам хэрэгтэй гэсэн хариулт хамгийн олон ирсэн бол хулгайгаас сэргийлэх, зогсоол байгуулах шаардлагатай гэсэн хариулт араас нь оржээ.