Хэнтий аймгийн Биндэр сум энэ сарын 13-нд тогорууны баяр зохион байгуулжээ. Хоёр дахь удаагийн энэ баярт БОНХАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Олон улсын тогорууны сан, АНУ-ын Ойн албаны төлөөлөгчид оролцон, Монгол, Орос, Япон, БНСУ-ын сурагчдын зурсан тогорууны зургаар үзэсгэлэн гарган, урлагийн тоглолт зохион байгуулж, байгаль орчноо хэрхэн хайрлаж хамгаалах талаар иргэдэд сургалт, сурталчилгаа хийжээ.
Дэлхийд ховордож буй цэн тогоруу болон намгархаг газрыг яагаад хамгаалах ёстойг иргэдэд ойлгуулж, төрөлх нутгийнхаа байгалиар бахархах сэтгэлтэй болгох зорилгоор энэ баярыг хийсэн аж. Манай гариг дээр таван төрөл, 15 зүйлийн тогоруу амьдардаг. Үүний долоон зүйл нь Монгол оронд нүүдэллэн ирдэг ч хархираа тогоруу, цэн тогоруу, өвөгт тогоруу өндөглөн зусдаг юм байна.