Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусээр өнөөдөр нэг хүн нэмж нас барлаа. Мөн “MERS”-ийн халдвар авсан нэг тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн сард уг вирус тархаж эхэлснээс хойш нэг өдөрт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт юм.
Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны мэдэгдсэнээр, нас барсан хүн нь эмнэлэгт хагалгаанд орсон 75 настай өвчтөн ажээ.
Сүүлийн тохиолдлыг оруулаад “MERS”-ээр нас барагсдын тоо 24 боллоо. Мөн халдвар авсан нэг тохиолдлыг оруулаад “MERS”-ийн халдвар авсан хүмүүсийн нийт тоо 166 болсон байна.
Өнөөдрийн байдлаар, “MERS”-ийн халдвар авсан 30 өвчтөн бүрэн эдгэрснээр эмнэлгээс гарчээ.
Одоо эмнэлэгт 112 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 16-гийнх нь бие тааруу байгаа аж.
“MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн, вирусийн гаралтай амьсгалын замын өвчин юм. Тэр цагаас хойш Ойрхи Дорнодын голдуу 20 орчим улсад халдвар авсан 1100-гаад тохиолдол бүртгэгджээ.