Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Доналд Рамсфелдийг өнөө өглөө хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалах яам, АНУ-ын Рамсфелд сан, Монголын бизнес хөгжлийн холбоо, Зориг сангаас хамтран зохион байгуулж буй "КАМКА-2015" чуулган энэ сарын 20-21-ний өдөр манай улсад болох юм.
Энэхүү чуулганы талаар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр ноён Доналд Рамсфелдыг хүлээн авч уулзахдаа санал бодлоо солилцсон байна.
"КАМКА-2015" чуулганд Монгол, АНУ, Армен, Афганистан, Гүрж, Туркменстан, Узбекистан, Казахстан зэрэг бүс нутгийн 100 гаруй төлөөлөгчид оролцоно. Чуулганаар эдийн засаг, улс төрийн талаар ярилцахаас гадна энэ орны төлөөлөгчид Монголын ардчиллаас туршлага судлах юм байна. Мөн гадаад худалдаа тэр дундаа Монголоос гарч буй экспортыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, гадаад бодлогын талаар хэлэлцэнэ.