Сүүлийн үед Малайз гэж сонсохоор л хамгийн муу муухай юм толгойд буудаг боллоо. Зүүн өмнөд Азийн энэ оронд есхөн жилийн дотор Монголын дөрвөн бүсгүй халдлагад өртөж, гурав нь амь насаа алдаад байна. Эзэн богд Чингис хааны үед ийм явдал болсон бол яах байсан бол? Их Монгол гүрний үед боолын минь боол, босгоны минь шороо болж явсан тэд юуны учир монгол бүсгүйчүүдийг “шоглох” болов? Эр бяр нь дэлхийд түгсэн эрчүүдээс нь халшран зугтдаг мөртлөө эмзэг охид бүсгүйчүүдийг нь яагаад оролдоно вэ? Дэлхийн тавцанд нэрлээд хэлчих тамирчин, зүслээд заачих жүжигчин энэ улсад байхгүй. Үзэж харахаар гойд юмгүй мөртлөө үхлийн гай далласан энэ оронд ер нь очихоо боливол яасан юм бэ. Алс тэртээ XX зууны наяад оны үед Малайз Азийн бар хэмээн цоллуулж явсан ч авлига хээл хахууль, арчаагүй зангаасаа болоод бар ч биш, бамбар ч биш болж үлдсэн түүхтэй. Хамтдаа бар хэмээн дуудуулж байсан Япон, Өмнөд Солонгос улс хэдийнэ Азийн луу болон хөгжиж байхад Малайз хар тамхи, хүний наймаа гэсэн адгийн муу муухай бүхний үүр, “Азийн шорон” болон хувирчээ.
Захирах эзэн, заах нэр ч үгүй явсан энэ арлыг 1831 онд Францын аялагч Жюль Дюмон-Дюрвиль гэгч Малайз гэж нэрлэх санал гаргасан юм гэнэ билээ. Малайзын 28 сая хүн амын 22 хувийг хятад, есөн хувийг нь энэтхэгчүүд эзэлдэг. Малайзад шашин шүтэх эрх чөлөөг зарлан тунхагласан байдаг ч хүн амын 60 хувь нь лалын шашинтай юм. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак 2006 онд болсон Ш.Алтантуяагийн аллагатай салшгүй холбоотой хүн. Түүний зөвлөх Абдулла Разак Багиндаг хүн амины хэрэгт холбогдуулсан ч Ерөнхий сайд нь хэргээс мултраад гарчихсан. Нажиб Разакыг Ерөнхий сайдаар сонгогдох үед сөрөг хүчний депутат Гобинд Сингх Део “Алуурчин минь, чи ичихгүй байна уу” гэж хашгирч байсан гэдэг. Гэвч Деог нэг жил ажлаас нь чөлөөлж, цалин, шагналыг нь олгохгүй байхаар шүүхээс шийдвэрлэсэн юм. Малайзын Ерөнхий сайд өөрийн ард түмнээ тоодоггүй хүн, гадаадын иргэн амиа алдахад санаа тавих нь юу л бол.
2014 оны арванхоёрдугаар сард Малайзад их хэмжээний үер болж, хэдэн арван мянган хүн орон гэргүй болж байхад Ерөнхий сайд Нажиб Разак Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай гольф тоглон зугаацаж явсан гэдэг. Ард иргэд нь байгалийн гамшиг тохиолдсон үед эх орондоо харьж ирэхийг цахим сүлжээгээр гуйхад ноён Ерөнхий сайд “Туслахууддаа үүрэг өгчихсөн” гээд Америк дахь айлчлалаа хээв нэг үргэлжлүүлж байжээ. Малайз авлига ихтэй. Энд Авлигын эсрэг академиас гадна авлигын эсрэг тэмцдэг 14 байгууллага ажиллаж байгаа нь үнэхээр үүнийг батлах мэт. Хувийн жижиг бизнесээс эхлээд төрийн байгууллага, нийгмийн бүх салбарт хээл хахууль өгөхгүй бол ажил бүтнэ гэж байхгүй. Тийм учраас Засгийн газар нь авлигын эсрэг тэмцлийг улс орны өмнө байгаа долоон чухал зорилтын нэг болгоод байна. Авлига ихтэй Малайз улс нь хүний наймаа, хар тамхины хууль бус худалдаагаар дэлхийд зартай.
АНУ-ын Төрийн департаментын 2014 оны илтгэлд Малайзын Засгийн газрыг хүний наймааны эсрэг юу ч хийхгүй байна гэж шүүмжлэн, дэлхийн хамгийн жигшүүртэй орны нэгээр нэрлэсэн байна. Тэр ч байтугай энэ байдлаа засахгүй бол олон улсын хориг арга хэмжээ авахыг ч сануулсан. Тус улсын “Tenaganita” ТББ-ын тэргүүн А.Фернандес “Малайзад хүний наймаа их байна. Эндхийн Засгийн газар гэмт хэргийн хохирогчдыг биш, харин энэ бузар наймааг эрхлэгчид, зуучлагчдыг хамгаалдаг нь хачирхалтай. Ялангуяа гадаад орноос ирсэн хүний наймааны хохирогч бүсгүйчүүдийг буруутган, эх орноосоо хөөн гаргадаг. Авлига ихтэй болохоор цагдаа нар хээл хахууль аваад л болдог” гэж ярьсан байдаг. Мэдээж авлигын эсрэг, Засгийн газрын эсрэг тэмцэл Малайзад өрнөдөг. Хэдэн жилийн өмнө Куала-Лумпурт шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулан, ард иргэдээ нэр өгөхийг хүсэн санал хураалт явуулахад ихэнх иргэд “Ш.Алтантуяа” хэмээн бичиж эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Малайзад манай иргэд 30 хүртэл хоног визгүй зорчдог. Гэтэл тэнд зүгээр явж байгаад л хэрэгт орооцолдох хамаг ёр нь бүрдсэн байдаг юм байна.
Хүний наймаанд өртөх, хулгайлагдах бол энүүхэнд. Малайзыг зориод сураггүй алга болсон монголчууд ч нэлээд бий гэлцэнэ. Хүний захиастай ачаа авч яваад хар тамхины хэрэгт холбогдон, цаазын ял сонссон монгол ч бий. Зүүн Азийн орнуудад хар тамхи зарж борлуулдаг “Алтан гурвалжин” бүлэглэлийнхэн монгол оюутнуудыг зүгээр суулгахгүй уруу татан, хичээл ном хийх бололцоо ч олгодоггүй гэж сонсогдоно. Монголд ирсэн малайзчууд ч хууль дүрэм дагаад, тохьтой томоотой суудаг улсууд биш. 2013 онд малайзчууд хуурамч карт ашиглан, манай хэд хэдэн банкинд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулж байв. Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалтын үеэр ч Малайз улсыг онцлон дурдсан байдаг. Ерөнхийлөгч “2011 онд манай 15 иргэн хар тамхины хэргээр баригдан Хятад улсад хоригдож байна.
Энэ 15 иргэн бүгдээрээ Малайзын нийслэл Куала-Лумпураас Хятадыг зорьж гарсан. Түүгээр ч зогсохгүй манай олон тооны иргэд Куала-Лумпурт хар тамхи зөөвөрлөх бэлтгэл хангаад тааламжтай үеийг хүлээгээд сууж буй тухай мэдээлэл байна. Тэр бэлтгэл хангана гээч нь сэтгэл зүй, мөнгө төгрөг, гэдэс дотор угаалгах, янз бүрийн дарамт шахалтад өртөх зэргээс бүрддэг гэх. Эрхэм аав ээжүүд ээ, Малайзын нийслэл Куала-Лумпурт үр хүүхэд чинь байгаа бол шууд буцааж дууд. Хар тамхины хэрэгт орооцолдов! Битгий тийм алхам хийгээрэй гэж хэл. Ямар учраас монголчууд Малайзаас ингэж зөөгөөд байна вэ гэхээр Монгол Малайз орны хооронд визгүй зорчдог болсноос хойш ийм байдалд хүрээд байгаа. Би Гадаад харилцааны сайдад Малайзыг визтэй болго гэж үүрэг өгсөн” гэж хэлж байв. Манай улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байгаа ч одооноос эхлэн “Малайзаас бусад оронтой дипломат харилцаа” тогтоох зорилттой болъё. Есөн шид, муу ёр нь бүрдсэн Малайз орноос иргэдээ татан, ирээдүй хойч үеэ аваръя.
М.СУГАР-ЭРДЭНЭ