Хуулийн байгууллагын ажилтнууд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж, гэм буруутай эсэхийг тогтоодог байсан цаг саяхан. Гэвч Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын үед Эрүүгийн байцаан шийтгэх болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, тус албыг татан буулган, ЦЕГ-ын харьяанд Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс гээчийг байгуулсан билээ.
Харин өдгөө Ерөнхий сайдын сэнтийгээс буусан Н.Алтанхуяг өөрсдийнхөө хийсэн буруу үйлийг засахыг хичээж байна уу, эсвэл АТГ-т өөрийнх нь хамтран зүтгэгчдийг шалгаад эхэлсэнтэй холбоотой юу, тус газрын Мөрдөн байцаах албыг татан буулгахаар улайрч байгаа. Хэдий нөхцөл байдал ээдрээтэй байгаа ч АТГ-ынхан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсээр. Улстөрчдөөр тогтохгүй хуулийн байгууллагынхны хууль бус үйлдлийг шалгаж байгаа аж. Прокурорын байгууллагаас бидэнд өгсөн мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Налайх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Төртүвшин, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн эрх бүхий албан тушаалтан О нарт холбогдуулан бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж буй гэнэ.
Чухам ямар хэрэгт холбогдсон талаар прокурор болон цагдаа, АТГ-ынхнаас тодруулахад “Дээрх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотойгоор мэдээлэл өгөх боломжгүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсоны дараа зарим зүйлийг тодруулж болох юм” гэж байлаа. Бидэнд олдсон мэдээллээр дээрх хүмүүстэй холбоотой хэргийг жил гаруй хугацаанд шалгаж байгаа бөгөөд дунд нь прокурор хэрэгсэхгүй болгож ч үзсэн гэнэ. Албан бус мэдээллээр нэгэн барилга дээр үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь нас эрсэдсэн хэргийг нуун дарагдуулж, компанийн захирлаас хувийнхаа дансаар дамжуулан бие бие рүүгээ дээрх хоёр хүн багагүй хэмжээний мөнгө шилжүүлсэн үйлдэлд шалгуулж байгаа аж.