Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд гэж өөртөө “зовлон” хураасан үйлтэй амьтад байдаг тухай ТӨХ-ны газрын дарга В.Дарханбаатар хэлсэн юм. ТУЗ-ийн дарга, гишүүд хүм үүсийн төсөөлдөг шиг сая саяар нь цалин авдаггүй, харин ч ажлынх нь ачаалал хэд дахин нэмэгддэгээс өөрөөр тэдэнд “наалдах” юмгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудын төлөө “боож үхэх” шахдаг оготно юм байх, тэд. Нэгэн үе сард арван мянган төгрөгийн цалинтай ТУЗ-ийн гишүүн цөөнгүй байсан гэдэгт, одоо харин бүгдийг нь тэгшитгээд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү болгосон ч замын компаниуд тийм цалин цалин өгч чадахгүй байгаа гэдэгт итгэх ёстой юм байна, бид. Ажилчдынхаа цалинг арай ядан тавьдаг байгууллага төрийн өмчит компаниудын дунд олон гэнэ. Энэ мэдээж ортой л доо.
Тийм учраас л тэр компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох, үр өгөөжийг нь дээшлүүлэх, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог хянах, хэтийн төлөв нь хаашаа чиглэж буйг тодорхойлох үүрэг ТУЗ-д ногддог. Харин тэд ажлаа хэр хийдэг юм бол. Ард түмний эрх ашгийг төлөөлдөг, төрийн өмчийн харилцааг зохицуулдаг ТУЗ-ийн гишүүдийг яагаад хүмүүс ямагт хардаж, сэрддэг юм бол. Шийдлийн газрын тэргүүний санаачилгаар төрийн өмчит компаниудын ТУЗ-д өөрчлөлт хэрхэн хийгдсэнийг бид цувралаар хүргэж буй. Гэхдээ ТӨХ-ны мэдэлд байдаг 57 компанийн ТУЗ-д ямар өөрчлөлт орсныг хорооныхон хэлэх тун дургүй, “Дараа нь баахан маргаан болдог юм” гээд солигдсон гишүүдийн нэрсийг ч хав дараад байгаа юм. Энэ бас ямар учиртай юм бол. Ямар ч байсан энд нэг зүйл л тодорхой байна.

Нөгөөх ашиггүй ажилладаг, ачаалал нэмдэг гэх компанийнхаа Төлөөлөн удирдах зөвлөлд байсаар байх сонирхолтой хүмүүс цөөнгүйг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эхлүүлсэн ТУЗ-ийн гишүүдийн өөрчлөлт шинэчлэлийн “хувьсгалын ачаар” мэдэж авав. Тэр тусмаа төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх эрхтэй ганц байгууллага нь болох Төрийн өмчийн хорооныхон өөрсдөө шинэчлэгдээгүй байгааг та доорх гурван компанийн ТУЗ-ийн гишүүдийн жагсаалтаас харах болно. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу төрийн өмчит компаниудын ТУЗ-д салбарын яамны гурван төлөөллийн нэгийг, ТӨХ-ны хоёр хүний нэгийг өөрчилж, ТББ, эрдэмтэн, багш нараас оруулах ёстой байсан юм. Гэтэл “Багануурын дулааны станц” ХК-ийн ТУЗ-д өмнө нь ТӨХ-ны хоёр төлөөлөл байснаа одоо гурав болж нэмэгджээ.
Харин “Налайх АЗЗА”, “Баянчандмань АЗЗА”, “АЗТТТүрээс” ХК болон “Багануур-АЗЗА”, “Дорноговь-АЗЗА” ХК-ийн ТУЗ-ийн тухайд ТӨХ-ны гурван төлөөлөл орон тоо нь яг хэвээрээ, гишүүдээ л нааш цааш нь солих маягаар нүд хуурсан байх юм. Тэгэхээр энд ямар нэгэн “юм” байгаа юм биш үү. Бусад компанийн ТУЗ-ийг өөрчилсөн гэх ч үнэндээ төрийн албан хаагчдын ихэнхийг нэ гээс нөгөө рүү шилжүүлсэн байна билээ. Хуц, ухна тавьж байгаа юм шиг ийм томилгоо төрийн өмчит компаниудад байнга хийгддэг. Гэтэл яам, агентлагийн тэдгээр албан хаагчдын олонх нь амьдралдаа нэг ч удаа бизнес эрхэлж үзээг үй туршлагагүй нөхөд. Тэгээд л манай төрийн өмчит компаниудын удирдлага, тогтолцоо, зохион байгуулалт бизнесийн зарчмаараа явдаггүй, үргэлж алдагдалтай ажилладаг.
Ийм л дүр төрхтэй, өрөндөө баригдсан байдаг төрийн өмчит компаниудын ТУЗ-д байх хүсэл сонирхол төрийн албан хаагчдад байгаад байдаг нь хачирхалтай. Хамгийн ашиггүй гэгддэг замын компанийн ТУЗ-д хүртэл Зам тээврийн сайдын туслах орчихсон байсныг сая сольжээ. Саяны өөрчлөлтөөр олон хүн компанийн үйл ажиллагааны цар хүрээг өчүүхэн гэж голон, цаг үрэхийн нэмэр гээд ТУЗ-д орох саналаас шударгаар татгалзсан байсан. Тэгэхээр улс төрөөс хэт хамааралтай манай улсын төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн дийлэнхийг бүрдүүлдэг төрийн албан хаагчид л өөрсдөө тогоо руугаа “нулимдаг” бололтой. Харин шүлстэй тогооноос нь сэжиглэсэн хүм үүс ярвайгаад явангуут тэд дураараа тонгочдог юм биш үү.
Л.ГАНЧИМЭГ