“Дэлхийн улаан ном”-д орсон, нэн ховордож буй амьтдын нэг болох бөхөн өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Казахстан улсад олон тоогоор хиарч байна. Өнгөрсөн жилийн эцсээр Казахстанд энэ амьтан 256.7 мянга байжээ. Гэтэл энэ оны тавдугаар сар гарснаас хойших нэг сарын хугацаанд нийт 132 мянга гаруй бөхөн учир битүүлэг өвчнөөр хорогджээ. Энэ нь Казахстаны бөхөнгийн талаас илүү хувь нь үхсэн гэсэн үг юм. Тус улсын Костана хязгаарт 113.309, Акмолинс хязгаарт 9386, Актюбинс хязгаарт 9634 бөхөн хорогдсон байна. Үхсэн бөхөнгийн 90 хувь нь шаргачин аж. Эм бөхөн үй олноороо хорогдож байгаад эрдэмтэн судлаачид “Бөхөн гэдэг зүйл амьтны аймагт үлдэх үү. Үлдсэн тоо толгой нь цаашид өсөн үржиж чадах уу” хэмээн ихээхэн санаа зовж буй гэнэ.
Казахстаны бөхөнгийн сүрэг үй олноороо хорогдсон гурав дахь тохиолдол нь энэ юм байна. Эхнийх нь 1988 онд Тургайн хязгаарт цусан халдварт өвчнөөр 434 мянган бөхөн (зарим хэвлэл зээр гэж мэдээлсэн) сүйджээ. Дараа нь 2013 онд Караганди, Акмолини хязгаарт тохиолдож, мөн л цусан халдварт өвчнөөр 3000 гаруй бөхөн хорогдсон байна. Тус улсад сүүлийн 24 жилийн хугацаанд тоо толгой нь 40 дахин цөөрсөн энэ амьтан яагаад дахин олон тоогоор үхэж байгааг тогтоохоор маль, амьтны эмч нар эрвийх дэрвийхээрээ хичээж, Засгийн газрынх шийдвэрээр Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын тусгай хэсэг гарган ажиллуулсны дүнд урьдчилсан байдлаар пастереллёз гэж оношилсон бол ОХУ-ын судлаачид шүлхий, боом, цэцэг өвчин байж магад гэж үзэж байжээ. Пастереллёз нь хүн, мал, амьтныг өвчлүүлж, үжил, цусархаг хам шинж илэрдэг, байгаль дээр голомтлон оршдог, халдварт өвчин юм.
Гэсэн ч нөхцөл байдал улам хүндэрч, хорогдож буй бөхөнгийн тоо нэмэгдсээр байсан тул тус улсын Засгийн газраас олон улсын байгуулагад хандсанаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Их Британи, Германы шинээчдээс бүрдсэн баг тус улсад очсон байна. Үхсэн бөхөнгөөс шинжилгээний дээж аван, ОХУ-ын Покров хотод байрладаг Бүх Оросын мал эмнэлгийн вирусологи, микробиологийн эрдэм шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхэд бүх дээжнээс нь В хэвшлийн Pasteurella multocida буюу цусан халдварт өвчний үүсгэгч илэрсэн тухай ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн улсын алба мэдээлжээ. Энэ нь мал, амьтны эд, эрхтэнд цусархаг болон үжилт үрэвсэл үүсгэдэг халдварт өвчин юм. Үүгээр үхэр, хонь, ямаа, адуу, гахай, тахиа, шувуунаас гадна зэрлэг амьтад өвчилдөг. Ус, өвс тэжээл, агаар, цус сорогч шавьж, эхсээр дамжин халддаг энэ өвчнийг тээж яваа амьтанд ямар нэг өвчний шинж тэмдэг идэрдэггүй тул бусдад халдвар маш амархан тархдаг юм байна. Pasteurella multocida нь өвчилсөн малын ялгадас, шүлс, нулимсаар гадагшилж, орчин тойрныг бохирдуулдаг. Энэ өвчний вирус мал, амьтны цус, тунгалгийн шингэнээр тархан цуллаг эрхтнүүдийг гэмтээж, 12-36 цагийн дотор үхүүлнэ.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчид ч энэ асуудалд анхаарлаа хандуулан, Казахстаны мэргэжлийн байгууллагуудтай хамтран эмчилгээний аргачлал боловсруулахаар ажиллаж байгаа аж.