Уэльсийн гүнж Дианагийн бүтэлгүйтсэн гэрлэлт, нөхөр нь өөр бүсгүйтэй уулзах болсон гээд хувийн амьдралынхаа нууцыг илэн далангүй дэлгэсэн ярилцлага 1995 онд BBC телевизээр цацагдаж байжээ. Үүнээс нэг жил хүрэхгүй хугацааны дараа тэрбээр албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан байдаг.
-Хааны гэр бүлийн гишүүн болно гэдэг асар их дарамт, шахалтыг тэсвэрлэхээс аргагүйд хүргэнэ. Харин та энэ бүхэнд бэлэн байсан уу?
-19 настай хүний санаанд бүх зүйл багтдаг юм билээ. Өөрийгөө бүх зүйлд бэлэн, чадна, мэднэ л гэж боддог. Гэхдээ яг шийдвэр гаргах мөчид сүрдсэн. Сүйт залуу минь намайг дэмжинэ гэж л найдсан даа.
-Тухайн үед босгох гэж буй амьдралаа хэрхэн төсөөлж байсан бэ?
-Бусдын л адил сайн сайхнаар төсөөлсөн. Эцэг, эх минь салсан болоод ч тэр үү, өөрийн үзэж туулсан бүхнээ давтахгүйн тулд илүү хичээж, бат бөх, аз жаргалтай гэр бүлтэй болно гэж бодож байлаа. Би нөхрийгөө маш их хайрлаж, бүх зүйлээ түүнтэй хуваалцахыг хүссэн. Бид их сайхан зохицсон хос гэж бодсон юм.
-Эцэст нь та Уэльсийн гүнж, ирээдүйд хатан хаан болохоор боллоо. Энэ тухайгаа хэрхэн дүгнэж байв?
-Шийдвэрээ гаргасныхаа дараа би харин эмээгээгүй шүү. Хариуцлага, өөрийн бүтээх ёстой дүрээс огт сүрдээгүй. Хатан хаан болох талаар бодол ч төрөөгүй. Энэ тухай бодох хүртэл их зүйлийг үзэж туулах ёстой. Хэвлэлийнхний анхаарлын төвд орсон маань л намайг хамгийн их айлгаж байлаа. Учир нь бид хоёр нам гүмхэн сүй тавьж, хуримаа ч ойр дотнынхны хүрээнд цомхон хийнэ гэж төлөвлөсөн. Харин төлөвлөснөөрөө хийж чадсангүй. Өдөр бүр л ямар нэг хэвлэлийн нүүр хуудсанд миний тухай мэдээлэл хэвлэгдэж байв.

-Энгийн эмэгтэй Диана Спенсэрээс дэлхий нийтийн ярианы гол сэдэв болсон, хамгийн их паппараццид өртсөн эмэгтэй болж хувирахад ямар санагдсан бэ?
-Хүмүүс миний талаар яагаад ингэж их сонирхоод байгаа юм бэ гэсэн асуултын хариуг олж, бусдын эл сониуч байдлыг ойлгох хүртэл багагүй хугацаа өнгөрсөн дөө. Нөхөр минь харилцаандаа санаачилгатай байсан нь л бусдын анхаарлыг татахад хүргэсэн гэж таамагладаг байв.
Харин олон жилийн турш өөрийнхөө тухай бичсэн нийтлэлүүдийг уншсаны эцэст хүмүүс “намайг худалдаж” мөнгө олдог болохыг ойлгосон.
-Гэрлээд удаагүй байхдаа энэ гэрлэлт нүдээ олсон шийдвэр байсан гэдэгт итгэлтэй байсан уу?
-Маш их итгэлтэй байсан. Харин хэвлэлийнхний дарамт бидний хооронд үл ойлголцол бий болгож, аажим аажмаар холдуулсан. Австралид аялж байх үед “Диана түүнд тохирох хүн биш юм” гэх зэргээр бичдэг байв. Энэ үгийг өдөр бүр бусдаас сонсож эхлэхээрээ ямар ч эр хүн, тэр тусмаа миний нөхөр шиг олны талархлыг хүлээсэн хүн эргэлзэж эхэлдэг юм билээ. Ийм үед сэтгэл хангалуун, бие биенээ ойлгох гэсэн хандлага тэр даруй үгүй болчихдог юм билээ.
-Ямар үндэслэлээр “Тохирох хүн биш” гэж дүгнэсэн юм бол?
-Нөхөр минь надад хүрч эсвэл над руу гар даллахгүй байгааг л тэгж дүгнэсэн шиг санагдсан.
-Гэрлэснийхээ дараа Уэльсийн гүнжийн үүргээ өөрийн төлөвлөж байсан шиг сайн гүйцэтгэж чадсан гэж боддог уу?
-Гүнж хүн яг юу хийх ёстой талаар ойлголт ч байгаагүй тул хаашаа явж, юу хийхээ ч мэдэхгүй хэсэг тээнэгэлзсэн. Тэгээд нэлээд бодсоны эцэст нийгэм тэр аяараа буруутгаж, нүүр буруулсан хэсэг бүлэг хүмүүстэй уулздаг болсон. Асрах газарт байдаг хамгийн шударга хүмүүсийг хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ. Хэзээ мөдгүй энэ орчлонг орхиж, нэг насны амьдралаа дуусгах гэж буй хүмүүс хамгийн нээлттэй, бас эмзэг, элдэв баг зүүлгүй өөрийнхөөрөө байдаг юм билээ.

-Орднынхон танд гүнж хүн ямар байх ёстой талаар ямар нэг зааварчилгаа өгөөгүй гэж үү?
-Үгүй дээ. Хэн ч надад “Чамайг ийм зүйлс хийхийг л хүсэж байна” гэж зааж зөвлөөгүй. Гэхдээ би өөрийн хэн байх ёстойг олсон азтай эмэгтэй.
-Тэгэхээр та гүнж болсноор хэний ч дүрд хувиралгүй өөрийнхөөрөө байж түүнээсээ аз жаргалыг мэдэрч байсан байх нь ээ?
-Би тэгж л боддог. Эмнэлгийн өрөөнд өвчтний орны дэргэд суугаад гарыг нь атгахад тэд бүр гайхан шагширч байсан. Өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байгаагүй гэдэг. Миний хувьд энэ бол гайхаж, шагшрахуйц сүйдтэй зүйл биш. Хийх ёстой л зүйлсийн минь нэг гэж бодогддог.
-Гэрлээд удалгүй та хөл хүнд болсон. Ирээдүйн хунтайжийг төрүүлснээ сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?
-Гайхалтай сайхан санагдсан. Зөвхөн би ч биш улс даяараа энэ сайхан мэдээг миний л адил талархан хүлээж авсан байх гэж бодож байна. Гэхдээ би Уильямыг бүр гэдсэнд байхад нь хүйсийг мэдчихсэн байсан тул тэгтлээ их гайхашраагүй.
-Хатан хааны гэр бүлийнхэн харин хэрхэн угтсан бэ?
-Хүн бүрийн сэтгэл нь хөдөлж, догдолсон. Жирэмсний явцад миний бие сайнгүй байсан болохоор Уильямыг төрсний дараа л бүгд тайвширсан. Гэвч удалгүй төрсний дараах сэтгэл гутралд орж, их хүнд үеийг туулсан даа. Өглөө орноосоо босмооргүй санагдаж, өөрийгөө голж, бүх зүйл ойлгомжгүй санагддаг байв.
-Та огт өөр хүний дүрд хувирчихсан юм шиг санагддаг байв уу?
-Тийм ээ. Би өмнө нь хэзээ ч сэтгэл гутралд орж байгаагүй. Энэ нь нэг ёсондоо бие минь “Надад амралт хэрэгтэй байна” хэмээн сануулж буй хэрэг.
-Тэгээд ямар эмчилгээ хийлгэсэн бэ?
-Их сайн эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ юу юунаас илүүтэй амьдрал минь орвонгоороо өөрчлөгдөж, маш олон дүрд тоглох шаардлагатай болсон тул багахан завсарлагаа авах хэрэгтэй байлаа.
-Олон дүрд тоглох шаардлагатай болсон гэдэг нь чухам юу гэсэн үг вэ?
-Богинохон хугацаанд миний ертөнц тэр чигээрээ өөрчлөгдсөн. Сайнаар ч, муугаар ч эргэсэн. Мэдээж олон гайхалтай зүйлс байсан ч тэр хэрээр намайг сорьсон олон зуун сорилт тулгарсан.
-Хатан хааны гэр бүл таныг сэтгэл гутралд ороход хэрхэн хандаж байв?
-Магадгүй, би энэ гэр бүлийнхний сэтгэл гутралд орсон, уйлах шалтаг нь бэлэн байж байдаг эмгэг туссан хамгийн анхны хүн байх. Тиймээс тэд надад туслахаас илүүтэй айж, эмээж байсан. Өмнө нь хэзээ ч ийм зүйл хараагүй тул яаж туслахаа хэрхэн мэдэх билээ дээ.
-Эл сэтгэл гутрал гэр бүлийн харилцаанд тань нөлөөлсөн үү?
-Энэ байдал хүн бүрийг өөрчилсөн. Дианагийн тогтворгүй, ойлгомжгүй байдал харамсалтай нь олон жил үргэлжилсэн.
-Тэгэхээр өөрчлөгдсөн олон зүйлийн нэг нь гэр бүлийн харилцаа гэж ойлгож болох уу?
-Миний бодлоор бусад хүн ч бас ийм бэрхшээлтэй тулгардаг байх. Бид ч бас тэгсэн.
-Хэвлэлүүдэд нийтлэгдсэнээр таныг өөрийгөө гэмтээж байсан гэдэг.
-Таныг хэн ч сонсохгүй эсвэл тэгж байгаа юм шиг санагдах үед санаанд оромгүй зүйлсийг хийж эхэлдэг юм билээ. Сэтгэл шархлан тэсвэрлэхийн аргагүй өвдөж, зовж байхад биеэ түүнээс илүү өвтгөх хүсэл төрдөг. Бусдад “Надад тусламж хэрэгтэй байна” гэдгээ ойлгуулах гэсэн нэг оролдлого. Гэхдээ энэ бол тусламж хүсэх хамгийн оновчгүй арга. Ийм үед хүмүүс ульж байгаа чоно мэт л хардаг. Ихэнх хүн ийм тохиолдолд байнга анхаарлын төвд байсны улмаас түүндээ донтож, дахин анхаарлын төвд очих гэж жүжиглэж байна гэж үздэг юм билээ. Угтаа би урьдынх шигээ болж, эхнэр, ээж, Уэльсийн гүнжийн үүргээ биелүүлэхийг л хүсэж байсан.
-Яг яасан юм бэ?
-Хөл, гараа гэмтээсэн. Ажлаа хийж явахдаа өөрийгөө гэмтээсэн бүсгүйчүүдтэй цөөнгүй тааралддаг. Тэднийг юуны учир ийм үйлдэл хийснийг маш сайн ойлгодог.

-Хунтайж энэ үйлдлийн чинь цаад учир шалтгааныг ойлгож байсан болов уу?
-Ойлгоогүй ээ. Угаас ийм үйлдлийн учир шалтгааныг зөвөөр ойлгож хүлээн авдаг хүн ховор юм билээ.
-Сэтгэл гутрал тань эдгэсний дараа булими буюу хоолондоо сэтгэл ханадаггүй эмгэг туссан гэдэг. Энэ үнэн үү?
-Үнэн. Нэлээн олон жил энэ өвчний улмаас шаналсан. Өөрийгөө үнэлэхгүй голж, сэтгэл дундуур байх болсон минь удалгүй ходоодоо дүүргэхийг зорилгоо болгодог эмгэгээр солигдсон. Өдөрт дөрвөөс таван удаа цанхайтал идсэн ч сэтгэл ханадаггүй байв.
Үүнд ажил минь их нөлөөлсөн. Өдөржин гадуур хүмүүстэй уулзаж явахдаа ихэвчлэн үхлээ хүлээж буй, өвчинд шаналсан, гэрлэлт нь бүтэлгүйтсэн гээд зовлон шаналал дүүрэн хүмүүстэй уулзаж, ярилцдаг байлаа. Тэдний шаналал гэртээ харьсан ч санаанаас гарахгүй зовоож, тэр бүрт хөргөгч рүү гүйчихнэ. Гэр бүлийн харилцаанд маань тулгараад буй бэрхшээл ч намайг үүнд түлхсэн.
Шаналалаа буруугаар илэрхийлдэг байсан хэрэг. Хүмүүс хоолонд хорхойсохыг минь хараад Диана тогтворгүй ааштай хүн юм гэж дүгнэдэг байлаа.
-Шалтгааныг нь сонирхдоггүй байж дээ.
-Тийм ээ. Учир нь бид олон нийтийн сэтгэл санааг үймүүлэхгүйн тулд бүхий л арга хэмжээнд хамтдаа оролцож, бидний харилцаа хэвийн байгаа мэт л сэтгэгдэл төрүүлдэг байв.
-Хунтайж Чарльзын намтрыг бичсэн Жонатан Димбли түүнийг харагдаж байгаагаасаа тэс өөр хүн гэж дүгнэсэн байдаг. Та үүнтэй нь санал нийлэх үү?
-Үгүй дээ. Бидний сонирхол, хүсэл зорилго ижилхэн гэж би боддог шүү. Бидний хэн хэн нь улс орныхоо байдалд анхаарал хандуулж, иргэдтэй уулзах сонирхолтой, хүүхдэд хайртай, асрах газар ажиллах дуртай.
-Цөөнгүй хүн та хоёрыг гэрлээд удаагүй байхдаа ч таагүй харилцаатай байсан гэж дүгнэдэг юм билээ.
-Бидэнд дарамт их байсан. Гэхдээ түүнийгээ нуух гэж хичээсэн ч үр дүнд хүрээгүй бололтой.
-Жонатан Димблигийн өгүүлснээр 1986 оны үед хунтайж Чарльз Камилла Паркер Боулзтай дахин уулзах болсон гэсэн. Та энэ тухай мэдэж байсан уу?
-Тийм ээ. Гэхдээ би эсэргүүцэж ямар нэг үйлдэл хийгээгүй.
-Та энэ талаар яаж мэдсэн юм бэ?
-Бүсгүй хүний зөн гэдэг хамгийн том баталгаа шүү дээ.
-Тэгээд л боллоо гэж үү?
-Энэ талаар мэдсэн өөр зүйл ч бий.
-Ажилтнуудаасаа сонссон уу?
-Бидний гэрлэлтэд сэтгэл тавьж, санаа зовдог хүмүүс хэлсэн.
-Харин та энэ талаарх мэдээллийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Сэтгэл хоосрох шиг л болсон. Шийдвэр бүр минь бүтэлгүйтэхэд итгэл найдвараа алдаж, юу ч үгүй хоосон болсон мэт санагддаг юм билээ.
О.УНДАРМАА